Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкны 2016 оны шалгалтын дүгнэлтийг нууцаас гаргасан. Улмаар 130 хуудас шалгалтын дүнг ил болгосон. Тус шалгалтын дүнгээс зарим хууль зөрчсөн баримтуудыг хүргэж байна.
Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдээс хянаж шалган, заавал эргэн төлүүлэх шаардлагатай хэд хэдэн зээлийн нөхцөлүүд байна. Эдгээрийн нэг бол төрийн өмчит компаниудын зээл юм. Нийт 1.8 их наяадын чанаргүй зээл байгаагийн гуравны нэг нь төрийн өмчит компаниудынх. Хэрэв төрийн өмчит компаниуд зээлээ иргэн төлөхгүй бол үүнийг төр төлөх шаардлагатай болно. Энэ нь татвар төлөгчдийн "халааснаас" зээл авсан төрийн өмчит компаниудын зээлийн төлөлт хийгдэнэ гэсэн үг.
Зээл авсан төрийн өмчит компаниудын зарим хэсэг болох Таван толгойн цахилгааны станц /ТТЦС/, Эгийн голын усан цахилгаан станц /ЭГУЦС/ зэрэг нь огт бүтээн байгуулалт хийгээгүйн дээрээс төсөл хөтөлбөрүүд нь цаасан дээрээ хэвээр байсаар өнөөдрийг хүрээд байна. Үүгээр ч тогтохгүй цаасан дээрх төслийн ажилчдын цалин, дарга нарын машин хэрэгсэл гэх мэт зүйл рүү маш их хэмжээний мөнгө урсгасан нь баримтаар нотлогдож байна.
Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт олгосон "Эгийн голын усан цахилгаан станц"-ын нууцаас гарсан шалгалтын дүнгийн баримтаас хүргэж байна
МУ-ын Засгийн газрын 2013 оны 80 дугаар тогтоол, 2013 оны 375 дугаар тогтоол, МУБХ-ны ТУЗ-ийн 2014 оны 14 дүгээр тогтоол болон 2015 оны 18, 34 дүгээр тогтоол, ЗХХ-ын 2013 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр ЭГУЦС-ын төслийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байдаг.
МУ-ын ЗГ-ын тогтоол нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 28, 20 дугаар зөвлөмжийг үндэслэл болгон дээрх төслийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Гэвч ч энэ нь Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1 дэх "УИХ-аас баталсан төсөл хөтөлбөрийн жагсаалтад багтсан байх" заалт, 8.3.5 дахь "зээлийн нь барьцаа, баталгаа болон үүргийн гүйцэтгэлийн бусад арга хэрэгслээр хангагдсан байх" заалтыг зөрчсөн. Банк МУ-ын Засгийн газрын тогтоолыг энэ заалтад нийцэж байна гэж үзсэн.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж нь хууль, тогтоол шиг заавал хэрэгжүүлэх үүрэг бүхий эрх зүйн акт биш. Харин 2013-2014 оны хооронд шийдвэрлэсэн 15 удаагийн 5,110,994.74 ам.долларын олгосон зээл нь Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
2016 онд Хөгжлийн банканд хийсэн шалгалтын үед дээрх төрийн өмчит компанийн зээлийн хүүгийн төлбөрийг улсын төсвөөс төлөөгүй буюу 160 хоногийн хугацаа хэтрэлтэй байжээ. Одоо ч энэ хугацаа хэтрэлт үргэлжилсээр байгаа.
Төсвөөс эргэн төлөгдөх ЭГУЦС-ын төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлсэн нь тухайн үеийн шалгалтаар тогтоогдсон. Тодруулбал, "Эгийн голын усан цахилгаан станцын" төслийн үйл ажиллагааны "Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын үндсэн цалингийн жишиг"-т зааснаар 2013 он /2 сар/, 2014, 2015 оны цалингийн зардалд нийт 2,969,600.0 мянган төгрөгийг олгожээ. Гэтэл сар бүрийн цалингийн задаргаанаас харахад Төслийн нэгжийн нийт 30 ажилтны жишиг цалинг 100 хувиар нэмэгдүүлэн бодсон байгаа юм.
Зөвхөн цалингийн зардлын хувьд гэхэд 1,484,800.0 мянган төгрөгийг давхар тооцон шилжүүлсэн нь баримтаар нотлогдож байна.
Манай улс "Эгийн голын усан цахилгаан станц"-ыг барина гэж сүүлийн 20 гаруй жил ярьсан. Гэтэл хойд хөршүүд тус усан цахилгаан станцыг бариулахгүйн тулд өнөөдрийг хүртэл тэмцэж байгаа. Баригдах эсэх нь тодорхой бус, геополитикийн асуудалтай энэ төсөлд их хэмжээний хөрөнгө оруулалтыг шууд олгосон. Ингэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулалт олгосон гэх. Дахин сануулахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж нь хууль, тогтоол шиг заавал хэрэгжүүлэх үүрэг бүхий эрх зүйн акт биш.