УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээнээс нийслэл хотын үерийн барилга байгууламжийн өнөөгийн нөхцөл болоод энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын талаар тодрууллаа.
-Улаанбаатар хотын хэмжээнд үерээс хамгаалах 158 км далан суваг, инженерийн байгууламж, авто замын борооны болон хөрсний ус зайлуулах 176.2 км шугам, хөрсний ус зайлуулах 18.8 км шугам сүлжээ бий. Нийслэл хотыг үер усны эрсдэлгүй байлгахын тулд нэмэлтээр 300 км гаруй инженерийн байгууламж, шугам сүлжээ тавих шаардлагатай. Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн болон орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт халиа тошин үүсдэг цэгүүдэд дернажийн систем болон үерийн ус зайлуулах байгууламжуудыг барьж ашиглалтад оруулсан. Энэ жилийн хувьд Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд үерээс хамгаалах байгууламжийн иж бүрэн засвар шинэчлэлт болон одоогийн ашиглаж буй шугам сүлжээний шинэчлэлд нийтдээ 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөөд байна. Зүүн бүс буюу Баянзүрх дүүргийн 8, 17 дугаар хороог хамарсан Шар хадны эцсээс Амгалан дулааны станц хүртэлх айлууд хавар, намрын улиралд халиа тошинд өртөх эрсдэлтэй байдаг. Тэдгээр сувгуудыг иж бүрэн шинэчлэх, хөрсний усыг боловсруулж, дулааны цахилгаан станцын технологийн хэрэглээний ус болгон ашиглах ажлын ТЭЗҮ, зураг төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр боловсруулж дууссан. Энэ ажлыг хийж гүйцэтгэснээр зүүн бүсийн халиа тошин, хөрсний усны асуудал шийдэгдэнэ. Сонгинохайрхан дүүргийн Толгойт гол орчмын ТЭЗҮ, зураг төслийг мөн боловсруулсан.
Ер нь бол үерээс хамгаалах инженерийн байгууламж нь асар өндөр өртөгтэй, эргэж зардал нөхөх боломжгүй байдгаас хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй. Түүнчлэн үерийн байгууламжийг 100 жилд тохиолдох хамгийн өндөр үерийн давтамжаар тооцоолж барьж байгуулдаг тул хөрөнгө оруулалт өндөр гардаг юм хэмээн өгүүлж байна.