Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Германы профессорууд Монголын Ковид-19-тэй тэмцэж буй туршлагыг танилцууллаа

Ангилал
COVID-19
Огноо
Унших
4 минут 46 секунд

Германы Бонийн их сургуулийн Монгол судлаач доктор, профессор Инес Столпе тус сургуулийн Дорно дахины Ази Судалгааны Хүрээлэнд ажилладаг доктор Түмэн-Очирын Эрдэнэ-Очирийн хамт. Зургийн эх сурвалж: uni-bonn.de

Дэлхийн томоохон мэдээллийн хэрэгсэл болон хувь хүмүүс манай улсын Ковид-19-ийн эсрэг хэрэгжүүлж буй арга туршлагыг сайшаан бичиж байгаа билээ. Тухайлбал, Forbes сэтгүүлийн нийтлэл болон ОХУ-ын багш эмэгтэйн бичвэрүүдийг дурьдаж болно.

Тэгвэл энэ удаа Монгол улсын тухай Германы Бонийн их сургуулийн Монгол судлаач доктор, профессор Инес Столпе болон тус сургуулийн Дорно дахины Ази Судалгааны Хүрээлэнд ажилладаг доктор Түмэн-Очирын Эрдэнэ-Очир нар бичжээ. Тус нийтлэлд манай улсын амжилттай хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд болон тэдгээрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг ч орхилгүй өргөн хүрээнд хөндсөн гэдгээрээ онцлогтой. Мөн нийтлэлд ашигласан зургийг шог зураач С.Цогтбаяр зурсан байна.

Зургийг: Шог зураач С.Цогтбаяр

Нийтлэлд юун түрүүнд “Коронавирусний хямралд Монгол улс олон талаараа үлгэр жишээ болж байна” хэмээн бичсэн байна. Тухайлбал, Монголчууд эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьдаг тул өвчний эсрэг маш хурдан нэгдэж, хариу арга хэмжээ авч байна гэжээ.

Мөн нэгдүгээр сараас эхлэн цаг алдалгүй сургуулийн хөл хорио тогтоож, хот хоорондын хөдөлгөөнийг хааж, олныг хамарсан баяр ёслолуудыг цуцлахын дээр хөрш Хятад улсад 30,000 хонь хандивласан зэрэгт Монголын төрийг ихэд сайшаажээ.

Зургийг: Шог зураач С.Цогтбаяр

Үүний дээр цахим хичээл болон теле хичээлийг хөл хорио тогтоосноос эхлэн нэн даруй тасралтгүй бэлтгэн хүргэж байгаа хэмээн Боловсролын яам болон багш, ажилчдыг магтан бичсэн байна. Тэр дундаа бараг бүх хичээл дохионы хэлийг ашиглаж, хүн бүрт хүртээмжтэй байх тал дээр ихээхэн анхаарч буйг цохон тэмдэглэжээ.

Мөн халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаа амжилттай байгаа нь манай улсын засгийн газар, эрүүл мэндийн салбар, хэвлэл мэдээллийн салбар зэргийн хүчирхэг үйл ажиллагаа шууд холбоотой хэмээн үзсэн байна.

Харин ард түмэн, бизнес эрхлэгчид, урлагийнханы зүгээс бусад улсын иргэд шиг зөвхөн төр арга хэмжээ авахыг хүлээх биш, өөрсдөө уг тэмцэлд хувь нэмэр оруулахаар нийгмийнхээ бүх түвшинд дор бүрнээ хүчин чармайлт гаргаж буйг магтан, өөрсдийгөө биднээс суралцах ёстой гэжээ. Тухайлбал, манай урлаг, бизнессийн салбарынхнаас эхлээд жирийн иргэд хүртэл Ковид-19-тэй тэмцэхэд ЭМЯ, УОК-т мөнгөн хандив болон эд материал, тэр дундаа амны хаалтны тусламж үзүүлж байгааг онцолсон байна.

Зургийг: Шог зураач С.Цогтбаяр

Үүний хажуугаар Ковид-19-өөс сэргийлэх зорилготой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг ч мөн орхиогүй байна. Жишээлбэл, цагаан сарыг цахимаар тэмдэглэх, цахимаар золгох зэргийг зарим иргэд эсэргүүцсэн, хөдөө орон нутагт байдаг сурагчид теле хичээл зурагтаар ганц удаа гараад өнгөрөхөд бичиж, ойлгож амждаггүй. Технологийн байдлаас шалтгаалаад ухрааж үзэх, давтан үзэх боломжгүй, эцэг эх нь мал төллөлтийн ажилтай холбоотойгоор хүүхдүүдийнхээ хичээлийг цуг хийлгэж чадахгүй байгаа зэргийг хөндсөн байна. Мөн оюутнуудын хувьд өөрсдөө “Мобиком толгой” хэмээн нэрлэсэн интернэт сүлжээ ордог уулан дээр гарч хичээлээ хийх зэрэг хүндрэлүүд тулгарч буйг ч бичсэн байна.

Зургийг: Шог зураач С.Цогтбаяр

Гэсэн хэдий ч дээрх асуудлууд дээр их сургуулиуд уриалга гаргаж, томоохон корпорациуд /тухайлбал жи мобайл, мобиком/ онлайн хичээлд хандах, ЭЕШ-ын сайт руу нэвтрэх датаг үнэгүй болгох зэргээр асуудалд шийдэл гаргаж буйг сайшаажээ.

Энэ мэт шинэ төрлийн коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн тал дээр Монгол улс Герман улсаас түрүүлж алхаж байгаа бөгөөд энэ туршлагаас суралцах хэрэгтэйг нийтлэлд онцолсон байна.

Эх сурвалж: Бонийн их сургуулийн албан ёсны вэбсайт

Х.Үүрийнтуяа

Газраа байраар сольсон айлууд бууриа цэвэрлэхгүй бол түлхүүрийг нь олгохгүй
Газраа байраар сольсон айлууд бууриа цэвэрлэхгүй бол түлхүүрийг нь олгохгүй
 
Мөс цөмөрсний улмаас сураггүй болсон 10 настай хүүхдийг 3 дахь өдрөө эрэн хайж байна
Мөс цөмөрсний улмаас сураггүй болсон 10 настай хүүхдийг 3 дахь өдрөө эрэн хайж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.