Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: ЛГБТИК уран бүтээлчид анх удаагаа өөрсдийн дотоод мэдрэмжээ урлагаар дамжуулж ИЛЭРХИЙЛЭВ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 30 секунд

Монгол Улсад анх удаагаа ЛГБТИК уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн гарлаа. Үзэсгэлэн хоёрдугаар сарын 18-ны өдөр нээлтээ хийж өчигдөр буюу гуравдугаар сарын 2-ны өдөр хаасан юм. Тус үзэсгэлэнд 21 уран бүтээлчийн бүтээлүүд оролцсон бөгөөд үзэсгэлэнд оролцсон бүтээлүүд нь ЛГБТИК хүмүүсийн дотоод мэдрэмжийг илэрхийлэх юм. Тэд урлагаар дамжуулан өөр өөрсдийн илэрхийлэхийг хүссэн санаагаа олон нийтэд ийн хүргэж байгаа аж.

Күийр уран бүтээлч Харгилын уран бүтээлүүдтэй танилцлаа. Тэрбээр “Энэ уран бүтээлүүдээрээ өөрт тохиолдсон мэдрэмжийг илэрхийлсэн. Бүтээлүүдийнхээ санааг бодож олоход ихэнх хугацаагаа зарцуулсан. Илэрхийлэхийг хүссэн санаагаа зургандаа бүрэн шингээнэ гэдэг хамгийн чухал. Харин юу хийхээ мэдсэн цагт хурдан зурж дуусгадаг” гэлээ.

Хоёр туйлтай ч биш,

Гурав ч биш,

Хэд ч биш.

Энэхүү бүтээл нь "“Багтаж боломжгүйг багтаасан нь” гэдэг нэртэй. Уг бүтээлээр хүйсийг илэрхийлж зурсан. Хүйс гэдэг бол тодорхой заагтай голоор нь хуваасан эсвэл ягаан, цэнхэрээр хэмжигддэг зүйл биш. Дотор нь маш олон өнгө холилдон замбараагүй оршдог гэдгийг харуулахийг хичээсэн" гэв.

Хэлснээ ганц бодоод үзээч, хийснээ нэг тунгаагаад үзээч.

Суралц, хай, унш, хүндэл

Би үнэхээр ядарч байна.

Уг бүтээлийн нэр нь “Самуурал”. Энэ бүтээлээрээ биднийг хүлээн зөвшөөрдөггүй, сонсдоггүй, мэдэхгүй хүмүүсийг илэрхийлсэн. Ойлгохыг хүсдэггүй хэрнээ “Та нар угаасаа л ийм” гэж тулгаад “чихээ таглачихдаг” энэ үед надад төрдөг мэдрэмжийг илэрхийлсэн гэв.

Шимэгч чиний ч, миний ч амийг сорно, ажиглана.

Биднийг тэднийг ч хараанаасаа салгахгүй.

Иймийн атал түүнийг дахин шүтсээр байх уу?

Дараагийн уран бүтээлийг “Хүсээгүй хүлээлт” гэж нэрлэсэн. Энэ зургийн хувьд анх удаагаа тод ягаан өнгө ашиглаж үзсэн. Учир нь эвгүй, айдас мэдрүүлэхийн тулд энэ өнгийг ашигласан. Бага байхаас эхлэн “Чи эмэгтэй байж ийм бай, охин хүүхэд байж ягаан өнгийн хувцас сонго” гэдэг байдлаар гэр бүл, нийгмээс шахалт үзүүлдэг байсан. Тийм ч учраас ягаан өнгийн шимэгч зурсан. Шимэгч зурсан нь бас л шалтгаантай. Дээр хэлсэн шахалт нь аль ч талд нь ямар ч ашиггүй байхад “угаасаа л ийм байх ёстой” гэж тулгах нь “шимэгч” шиг санагддаг. Энэ зургийг зурахаас өмнө ягаан өнгөнөөс айдаг байсан бол зурж дуусаад харахад ягаан өнгө чинь ийм гоё байж болдог юм байна гэдгийг мэдэрсэн. Өмнө ягаан өнгө гэхээр айдас л мэдэрдэг байсан.

Гашуудал

Мухарлан тогоонд буцалсан

Атгаг санаатны гашуун хоронд

Алтан амиа алдсан хүн бүхний төлөө

Цэлмэг тэнгэрийн өнгөт цэцгийг өргөе

"Гашуудал" бүтээлийн хувьд амиа алдсан хүмүүст зориулж, гашуудлын цэцэг өргөж байгаагаар зурсан. “Та нар ингэж үхэх ёсгүй байсан” гэх утгыг илэрхийлж байгаа юм.

Үзэсгэлэн үзэгч Б.Моломжамц “Энэ үзэсгэлэнг сүүлийн өдөр нь зорьж ирж үзэж байна. Бүтээлүүдийн хувьд ихэнх нь тухайн уран бүтээлчийн дотоод мэдрэмж, хайр сэтгэлийг илэрхийлсэн өнгөлөг үзэсгэлэн болсон байна. Энд байгаа бүтээлүүдээс хамгийн их таалагдсан нь “Бид гэр бүл” гэх бүтээл байна. Бүтээлийг ойлгохдоо нийгмийнхээ аль аль талаас ялгаатай бус хүн гэдэг нэгдмэл ойлголтыг маш энгийнээр илэрхийлсэн байсан” гэв.

Күийр гэдэг нь ЛГБТИК+ буюу бэлгийн болон хүйсийн цөөнх хүмүүсийг нийтэд нь хэлж буй нэр томьёо.

ЛГБТИК төвийн хөтөлбөрийн менежер Б.Хулантай ярилцлаа.

-"Күийр" уран бүтээлчдийг чадваржуулах нь” төслийн гол зорилго юу вэ. Төслийнхөө талаар танилцуулна уу?

-Урлаг бол нийгмийг соён гэгээрүүлж, манлайлах, мэдээлэл хүргэх хамгийн том хүч зэвсэг гэж үздэг. Монголд байгаа ЛГБТ уран бүтээлчдийг нэгтгэх орон зайг бий болгож, уран бүтээлээрээ дамжуулан ЛГБТ хүний эрхийн төлөө дуугарах боломжийг бүрдүүлэх зорилготой. Эдгээр хүмүүс нь маш нуугдмал байж бусдад гадуурхагдахгүйн тулд бусад хүмүүс шиг болон жүжиглэж амьдардаг. Ийм нөхцөл байдлаас үүдэн уран бүтээлчид нь ч бие биенээ сайн мэддэггүй “салангид” байсан.

ЛГБТИК төв нь урлагаар дамжуулан хүний эрхийг ханган хамгаалах тухай мэдлэгийг олон нийтэд түгээх бодлого хэрэгжүүлж байгаа юм. 2014 оноос хойш “Эрхийн төлөө урлаг” гэсэн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд уран бүтээлийн үзэсгэлэн, кино уралдаан, күийр, театрын жүжиг, 48 цагийн кино наадам, богино хэмжээний кино зэргийг хийсэн.

- Ийм төрлийн төслийн санхүүжилтийг хэрхэн бүрдүүлдэг вэ?

-“International Relief Fund”- руу урлагийг төсөл бичиж 500 гаруй төслөөс шалгарсан. Монголд байгаа ЛГБТИК+ уран бүтээлчдийг нэгтгэх, тэдэнд күийр, оюуны өмч, хууль, жендер, хүний эрхийн мэдлэг олгох юм. Бие биедээ ээлтэй хүрээллийг үүсгэж, нийгэмд дэмжлэг суурь үүсгэхээр төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд 15 сургалтыг зургаан сарын хугацаанд зохион байгуулсан. Мөн уран бүтээлчид маань сэтгэл зүйн дэмжлэг, мэдээлэл авахаар тус бүр найман цагийн уулзалт хийсэн.

- Энэ үзэсгэлэнгийн санхүүжүүлэгчдийг харахад бүгд гадаадын санхүүжилт байна. Дотоодоос хөрөнгө оруулалт авах боломж байдаг уу?

- Манай улсын хувьд ТББ-уудыг дэмжээд байдаггүй. Манайхаас бусад ТББ байгууллагууд ч мөн адил олон улсын төслүүдээс санхүүжилт авдаг.

- Зөвхөн төсөл гэлтгүй бусад үйл ажиллагаагаа явуулахад санхүүгийн асуудал үүсдэг үү. Үүнийг хэрхэн шийддэг вэ. Байгууллагууд хэрхэн нээлттэй хүлээж авдаг вэ?

- ТББ аливаа үйл ажиллагааг явуулахын тулд төсөл их бичдэг. Олон улсын том төслүүдэд оролцож, санхүүжилт авдаг. Олон улсын төслүүд маш их өрсөлдөөнтэй болдог. Тэр дундаас санхүүжилт авч байж үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ удаагийн санхүүжилтийг Олон улсын тусламжийн сангаас 2021 оны ХБНГУ-ын Холбооны гадаад хэргийн яам, Гёте Институт болон бусад соёл, боловсролын байгууллагуудаас өгсөн.

- ЛГБТ төв хэзээ байгуулагдсан бэ, хэдэн гишүүнтэй вэ?

- ЛГБТ төв нь 2007 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдсан. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ТББ-ын гэрчилгээ авч чадаагүй. Харин түүний дараа буюу 2009 оны 12 дугаар сард ХЭҮК, Олон улсын хүний эрхийн нөлөөллийн ачаар гэрчилгээгээ авсан. Түүнээс хойш ашгийн бус, гишүүнчлэлгүй ТББ-ын статусаар үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Монгол улсад ЛГБТ хүний эрхийн талаар ажилладаг цорын ганц байгууллага. Манай ТББ нь гишүүн авдаггүй. Манай улсад нийт хэчнээн ЛГБТ хүн байдаг талаар нарийн тоо байхгүй. Олон улсад ямар ч улсын нийт хүн амын 10 хувь нь ЛГБТ олон нийт гэж үздэг.

Хүмүүс ЛГБТ хүний эрхийг ярихаар зөвхөн тухайн хүнээр нь төсөөлдөг. Гэвч үүний цаана эдгээр хүмүүсийн гэр бүл, найз нөхөд, хамаатан садангууд нь байгаа. Тиймээс энэ нь нийт хүн амын 10 хувийн асуудал бус нийт нийгмийн асуудал болно.

- Үзэсгэлэн үзэхээр ирсэн хүмүүсийн хандлага ямар байна вэ, хэрхэн хүлээж авч байна вэ?

- Анх удаагаа Монгол улсад бэлгийн цөөнх, хүйсийн цөөнх уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн болж байна. Хүмүүс эерэг хүлээж авч байна. Нөгөөтээгүүр маш их сонирхож байгаа нь ажиглагдаж байна. ЛГБТ хүмүүсийн үзэл бодол, дотоод мэдрэмж нь ямар байдаг бол гэдгийг сонирхож байна.

Хүн бүр өөр өөрийн дахин давтагдашгүй хувилбар. Тэр нь ЛГБТ байх эсэх нь чухал биш. ЛГБТ хүн гэхээр бүгд адилхан, ижил хувцас өмсдөг мэтээр төсөөлдөг. Гэтэл энд оролцсон 21 уран бүтээлч бүгд өөр өөрийн дахин давтагдашгүй техникээр, өөр арга барилаар зурж, өөр асуудлыг хөндөж байна. Зөвхөн ЛГБТ гэдгээс нь болоод буюу тухайн хүний нэг л талыг нь харчихаад үлдсэн талыг нь үгүйсгэж, балруулдаж болохгүй.

Манай үзэсгэлэнгийн хувьд цар тахалтай, хүйтний улиралд болж байгаа хэдий ч маш их хүнтэй байгаа.

- Үзэсгэлэнд тавигдсан уран бүтээлүүдийг цаашид хэрхэх вэ?

Эдгээр бүтээлүүдийг 33 дугаар сургуулийн урд байрлах “BN” кофе шопын санал тавьснаар тус кофе шопт үргэлжлүүлэн 14 хоногийн хугацаатай байрлуулах юм. Тиймээс үзэсгэлэн өнөөдрөөр/өчигдөр буюу 2022.03.02/ хааж байна гэж ойлгох бус гурав дугаар сарын 16-ыг хүртэл үзэхийг хүссэн бүх хүнд нээлттэй байгаа.

Ярилцсанд баярлалаа.

LIL thug E-ийн ээж Л.Ганчимэг: Нэг ч хүн битгий өвдөөсэй, Монголчууддаа баярлалаа
LIL thug E-ийн ээж Л.Ганчимэг: Нэг ч хүн битгий өвдөөсэй, Монголчууддаа баярлалаа
 
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.