Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

LIL thug E-ийн ээж Л.Ганчимэг: Нэг ч хүн битгий өвдөөсэй, Монголчууддаа баярлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 41 секунд

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E өнгөрсөн оны есдүгээр сард УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдсон. Тэрбээр яаралтай химийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон бөгөөд мөн чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатайн улмаас Турк улсын Истанбул хотыг зорьж "İstinye Üniversitesi Hastanesi Medical Park"-д хэвтэн эмчилгээгээ эхлүүлсэн байдаг. Урлагийнхан түүнд зориулж, олон олон арга хэмжээ зохион байгуулж, хандив цуглуулсан бөгөөд зарим арга хэмжээг нь түүний найз С.Түвшинтөгс тэргүүтэй залуус зохион байгуулсан билээ. Тэгвэл түүний багаасаа ойр дотно найзалсан найз Т.Сайнбуянт болон түүний ээж Л.Ганчимэгээс биеийн байдлын талаар тодрууллаа.

-Дуучин Lil thug E хагалгаанд ороод багагүй хугацааг үдлээ. Одоо биеийн байдал нь ямар байна вэ?

-Эмчилгээ нь үргэлжилж байгаа. Эмнэлгийн хяналтад болон зарим нөхцөлд эмнэлгээс гадуур эмчилгээгээ хийлгээд байж байна. Эмчийн хяналтад гурван сар байх ёстой юм. Биеийн байдал тогтвортой эмнэлгийн хяналтад байгаа гэж ойлгож болно.

-Эмчилгээний зардлын мөнгө хүрэлцсэн үү?

-Эхний ээлжид хүрээд чөмөг шилжүүлэн суулгах мэс заслаа хийлгэсэн. Одоо чөмөг нь биед дасан зохицоод хорт хавдаргүй цагаан эс үйлдвэрлэгдэхийг л хүлээж байна. Цусны хорт хавдар нь хавдартай хэсгийг нь аваад л эдгэрчихдэггүй бүх биеэр цус гүйж байдаг тул урт хугацааны эмчилгээ шаардлагатай. Эхний даваагаа бол амжилттай давсан.

-Хагалгааны дараа биеийн байдал нь хэр тогтвортой байна. Одоо бүрэн эдгэрэх үү?

-Тэр тал дээр шууд тэгж хэлж болохооргүй байна. Өвчин нь цусны цагаан эсийн хорт хавдар учраас хорт хавдартай эсүүд нь үйлдвэрлэгдэж байх юм бол байнгын эмчилгээ, хяналтад байх ёстой. Тиймээс урт хугацаандаа мэдэгдэнэ. Жишээ нь элэгний хорт хавдар байлаа гэж бодоход хорт хавдартай хэсгийг нь тодорхой хэмжээнд авчихвал зүгээр болно. Харин цусны цагаан бөөмний хорт хавдар учраас авч хаяна гэсэн ойлголт байхгүй гэсэн үг.

Урт хугацааны эмчилгээ шаардагдана. Нарийн тайлбарлах юм бол цусны цагаан бөөм нь зөвхөн ясны чөмөгнөөс үйлдвэрлэгддэг. Тиймээс химийн эмчилгээгээр цусан дахь эсүүдийг устган өөр хүний чөмөг суурилуулсан гэсэн үг. Тэрэнтэй холбоотойгоор тухайн чөмгийг биед дасгах, шинэ эс үүсгэх шаардлагатай болно. Одоо бол дараа дараачийн эмчилгээ нь хийгдэж байна. Нэг ёсондоо донорын чөмөг нь хорт хавдаргүй цагаан бөөм үүсгэж, ямар нэг сөрөг нөлөөгүй болтол хүлээх шаардлагатай болж таарч байгаа юм. Тиймээс донорын чөмгийг Төгөлдөрийн биед дасан зохицож, хоргүй эс үүсгээсэй хэмээн хүлээж байна. Хордлого тайлах эмчилгээ, химийн эмчилгээ гэх мэт олон төрлийн эмчилгээ хийлгэж байгаа.

-Сэтгэл санааны байдал нь ямар байгаа бол?

-Мэс заслын дараах үр дагавраас болж толгой эргэх, даралт ихсэж багасах, зүрхний хэм алдагдах, хоолны дуршилгүй болох гэх мэт мэс заслын дараах өөрчлөлтүүд гарч байгаа. Сэтгэл санааны хувьд тогтвортой, эдгээд эх орондоо ирнэ гэсэн бүрэн итгэлтэй байгаа.

-Ээжийнх нь биеийн байдал сэтгэл санаа ямар байгаа бол?

-Ээжтэйгээ Турк Улсад хамтдаа байгаа. Сэтгэл санаа нь харьцангуй гайгүй. Ээж нь асарч байна.

-Хандив босгоход хэр хүндрэл учрав. Ард түмэн, тэр дундаа найз нөхөд нь их идэвхтэй ажилласан шүү дээ?

-Төгөлдөр өөрөө хамт олонтой, найз нөхдийн өргөн хүрээтэй сайн залуу болохоор таньдаг мэддэг бүх хүн нь тус хүргэсэн. Найзаараа маш их бахархсан. Мөн Монголын ард түмэн идэвхтэй оролцож тус хүргэсэнд баяртай байна. Олонтойгоо явсан хүнийг сайн сайхан зүйл дагаж удахгүй бүрэн эдгэрээд сайхан мэдээ дуулгана гэж итгэж байна. Бүх Монголчууд, найз нөхөд, бүх хүмүүстээ дахин дахин баярлалаа л гэж хэлмээр байна.

Л.Ганчимэг /Төгөлдөрийн ээж/ :

Манай хүү /Төгөлдөр/ -ийнхөө найзууд болон элэг нэгт Монголчууддаа маш их баярлаж байна. Хүүгээ хорт хавдартай гэхийг сонсоод тэнгэр хөмөрчих шиг л санагдсан. Гэхдээ та бүхнийхээ тус дэмийн ачаар хүүгээ эдгээгээд эх орондоо удахгүй очно гэдэгт итгэл төгс болсон. Тус дэм болсон бүх хүмүүстээ талархаад баршгүй.. Эмчилгээ амжилттай болж эх орондоо удахгүй очно гэж итгэж байна. Тус дэм болсон бүх хүмүүстээ баярлалаа. Нэг ч хүн битгий өвдөөсэй. Маш их баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа.

ЦЕГ: Цагдаагийн албан хаагч согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлагаар очсон
ЦЕГ: Цагдаагийн албан хаагч согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлагаар очсон
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.