"Хера Холдинг" группын ерөнхийлөгч Хассуурийн Ганхуяг АН-ын сонгуулийн санхүүжилттэй холбоотойгоор хэвлэлийн хурал зарлалаа. Учир нь түүнд АН-ын нэрээ нууцалсан хэсэг гишүүдээс С.Эрдэнэ гишүүний буруутай үйл ажиллагааг шүүмжилсэн агуулгатай захидал ирсэн байна. Энэ талаар Х.Ганхуяг:
“Өнгөрсөн 7 хоногийн пүрэв гаригт надад дугтуйтай захидал, нэрсийн жагсаалтын хамт ирсэн. Тус захидлын эзэн нь ардчилсан намын хэсэг бүлэг гишүүд хэмээн дурьдсан байсан. Жагсаалтын хувьд АН-д 100 сая төгрөг тушаасан 181 хүний жагсаалт байна” хэмээсэн юм.
Уг захидалд Ардчилсан намыг өөрийн хувийн компани мэт аашилж, намын дүрэм журмыг уландаа гишгэж буй С.Эрдэнийн буруутай үйл ажиллагааг ил тодоор шүүмжилж, нийгэмд бидний дуу хоолой болж өгөөч хэмээн Х.Ганхуяг таниас хүсч байна хэмээн бичжээ.
Харин захидлыг түүнд илгээх болсон шалтгаан нь Х.Ганхуяг нь УИХ-ын ээлжит сонгуульд С.Эрдэнийг амлан өрсөлдөх болсон тул захидлаа ийнхүү түүнд илгээх болсон гэж захидлын эзэд дурьдсан байна.
Мөн ардчиллын дуу хоолой болох ёстой Ардчилсан нам дотроо хэдэн хэсэг задарч, С.Эрдэнэ дарга гишүүдээ алагчилж байна хэмээжээ. Захидалд С.Эрдэнэ гишүүнийг дараах шалтгаануудын улмаас буруутгасан байна.
Нэгдүгээрт, С.Эрдэнэ АН-ын удирдах дээд байгууллага Үндэсний бодлогын хороог сүүлийн 2-3 жилийн дотор мөнгөний машин болгосон. Жил бүр ратацийн сонгууль нэрээр ҮБХ-ын 400 гишүүдийн 30 хувийг дотор нь өрсөлдүүлж, хүн бүрээс 6 сая төгрөг хураан, 1,4 тэрбум цэвэр орлого олдог болсон.
Хоёрдугаарт, 2019 оны 11-р сард хуралдсан АН-ын ҮБХ-ын хурлаар С.Эрдэнэ АН-аас УИХ-д нэр дэвшдэг 100 сая төгрөгийн босго тогтоосон. Энэ нь өнөөдөр 300-500 саяар өсөн нэмэгдэж байна.
Одоогийн байдлаар нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн 100 сая төгрөгөө төлсөн 200 орчим хүн бий. Ноцтой нь тэдний дунд жирийн ардын хүүхдүүд цөөхөн байна. Ийнхүү С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг нарын гар хөл, найз нөхөд, ураг саднууд сүлжээгээрээ нэр дэвшиж, эрх мэдэлд улайрсан нь удахгүй ил болно.
Гуравдугаарт, С.Эрдэнийн үед АН-ын гишүүд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ алдлаа. Өөрийнх нь эсрэг үг хэлсэн, дуугарсан бүгдийг намаас хөөнө, амийг нь хорооно, нэр дэвшүүлэхгүй зэргээр байнгын айдас дарамтанд оруулж байна. Ялангуяа энэ сонгуулийн жил дарамт, шахалт нь өмнөхөөсөө ч илүү нэмэгдлээ. Бидний хэдэн залуус энэ байдалтай үл эвлэрч, үгээ хэлж, эсэргүүцлээ илэрхийлж ирсэн.
Гэвч 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр С.Эрдэнэ даргын гаргасан тушаалаар АН-ын гишүүд ХМХ-ээр намын эсрэг үзэл бодол, байр сууриа илэрхийлэхийг хориглосон гэжээ.
Ийнхүү захидалд дурьдсанаар уг гишүүд дэлхийд үнэлэгдэх хэмжээний боловсролтой ч, гишүүдийн гар хөл, хамаатан садан биш учраас Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг маань 100 сая төгрөгөөр боомилж байна гэжээ.
Үүний дагуу Х.Ганхуяг С.Эрдэнэ гишүүнд 24 цагийн хугацаа өгнө гэсэн юм. Учир нь тэрээр хэрэв захидалын агуулга үнэн бол С.Эрдэнэ гишүүн Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хууль зэрэг олон хуулиудыг зөрчсөн болох тул 24 цагийн дотор дансаа ил, шилэн данс болгохыг шаардсан юм. Мөн хэрэв үнэхээр нэр дэвшихийг горьлогчдоос 100 сая төгрөг авсан нь үнэн бол нэрсээ ил болго хэмээн шаардлаа.
Мөн тэрээр 100 сая бол 60 тэрбумаас ялгаагүй, төрийн эрхийг гартаа авах гэсэн оролдлого гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
АН-аас сонгуульд өрсөлдөхөөр 100 сая төгрөгөө тушаасан гишүүдийн нэрсийг доор хавсаргасантай танилцана уу.