Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгууль хойшлуулах ерөнхийлөгчид л ашигтай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 13 секунд

Хаврын улс төр гэж тогтсон гэмээр нэр томьёо бий. Уг нь жил бүрийн өдийд гудамжинд жагсаал, танхимд хэвлэлийн хурал тасардаггүй. Тэр тусмаа сонгуулийн жилд. Харин энэ жилийн хаврын улс төр гудамжинд биш ордны хоёр жигүүрээс “гоо даам”-ын нүүдлээр явагдаж эхэллээ. Гадаа тайван авч ордонд битүү зодоон хэдийн эхэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит сонгуулийг хойшлуулах тухай саналаа гаргаад багагүй хугацаа өнгөрсөн. Харин эрх баригч МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “сонгууль хуулийн хугацаандаа шударгаар явагдана гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдээд байгаа бол сөрөг хүчин АН-аас гаргасан мэдэгдэлд “хөрөнгө хэмнэх үүднээс УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь Монгол Улсад засгийн эрх ард түмний мэдэлд байх үндсэн хуулийн зарчимтай нийцэхгүй байна” гэсэн билээ. Ийнхүү хоёр гол нам сонгуулийг хойшлуулахыг огт дэмжихгүй байгаагаа мэдэгдсэн байхад Ерөнхийлөгч Х.Баттулга энэ саналаа УИХ-ын хаврын чуулганы нээлтэнд нэлээд хатуухан давтаж хэллээ.

Тэрээр хэд хэдэн үндэсллээр сонгуулийг хойшлуулах шаардлагатай гээд “Энэ нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх, нийгмийн бухимдлыг өдөөх, улмаар олныг хамарсан эсэргүүцэл үүсгэх шалтаг, шалтгаан болох эрсдэл бас байна. Бидэнд 5 иргэнийхээ амийг алдахад хүргэсэн саяхны сонгуулийн гашуун сургамж бас бий. Тухайн үед Ц. Мөнх-Оргил Хууль зүйн сайдын алба хашиж байсан, энэ чуулганы нээлтэд мөн оролцож байна” гэж мэдэгдсэн нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх, өөрийн хүслээр залж мэдэхүйц сонирхол зухалзаж байна гэж зарим УИХ-ын гишүүд шивнэлдэж байв. Түүнчлэн хэзээний “өст MCS”-ээс гаралтай гэгддэг Ц.Мөнх-Оргилын нэрийг дурдсан нь санамсаргүй хэрэг биш юм. Цаашлаад “УИХ-ын гишүүн, сайд асан Б. Батзоригийн жишгээр иргэний болон улс төрийн зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаасаа татгалзан шалгуулах шаардлагыг хаврын чуулганы нээлтийн үеэр энэ танхимд олноор сууж байгаа гишүүдэд хандан хэлье” гэснийг өөрийнх нь санааг дэмжихгүй бол эгүүлэн татах, шалгах асуудлууд ар араасаа явагдана гэдгийг битүүхэн анхааруулсан хэрэг боллоо гэж үзэж байна.

Улс төрийн бүх намуудын мөрийн хөтөлбөрт хоосон амлалт, тооцоо судалгаагүй зүйлүүд тусгасан нь ард түмнийг доромжилсон үйлдэл гэдэг үгээрээ тэр улс төрийн намуудаас өөрийгөө илүү дөвийлгөж буй үйлдэл билээ. Ийнхүү нэг хэсэгтээ нялуун байсан төрийн гурван өндөрлөгийн дунд улс төрийн битүү зодоон эхэлж энэ хаврын улс төр гудамжинд биш ордонд өрнөх нь тодорхой боллоо.

Сонгуулийг хойшлуулах нь саяхи мэндэлсэн “Зандан, Жагаа” тэргүүтэй эвслээс бусад намд огт ашиггүй. Эдийн засаг царцаж ажлын байрууд үгүй болсноор У.Хүрэлсүхийн Засгийн газар, эрх баригч МАН-ын нэр хүнд унах нь дамжиггүй. Энэ АН-д ч нэмэх оноо авчрахгүй. Харин энэ хооронд Ерөнхийлөгч “шударга ёсны хувьсгалын баатар”-ын дүрийг өөртөө нааж ЖДҮ-д холбогдсон хэд хэдэн их хурлын гишүүдийг эгүүлэн татах асуудлыг оруулж ирэхээр бэлдэж байгаа гэх сураг гараад байгаа. Мөн энэ сюрприздээ АН-ын хэдийгээ ч хавчуулахаа мартахгүй нь тодорхой. Энэ жил Монгол Улсын эдийн засаг амаргүй зүйлийг давж, ажлын байр хомсдох нь тодорхой болсон. Товчхондоо хугацаа сунжрах тусам нийгмийн бухимдал нэмэгдэнэ. Нийгмийн бухимдал нэмэгдэх хэрээр улс төрийн намуудын нэр хүнд унана. Ерөөс хямарсан туйлдсан ард түмэн нэг чанга гарт бүхнээ атгуулах шулуун хялбар замыг сонгоод сайн дураараа дарангуйлал тогтоосон жишээ олон. Ямар ч дарангуйлагч “төрийн хүчийг төвлөрүүлэх” санаагаа эрх чөлөөний уран илтгэлээр хэрэгжүүлсэн байдаг. Хэдийгээр Ерөнхийлөгч Х.Баттулга “дарангуйлал тогтоох боломжгүй, тийм зүйл огт байхгүй” гэж мэдэгдэж байгаа ч бүх л дарангуйлагч дарангуйллын эсрэг тэмцэж гарч ирснийг мартах учиргүй билээ. Хаврын улс төр урьд өмнө байгаагүй хэлбэрээр эхэлж байна. Гоо даамын ялагч нь намууд байх уу? Ерөнхийлөгч байх уу? гэдгийг харах л үлдлээ.

Судалгаа: Covid-19 бизнест хэрхэн нөлөөлж байна вэ?
Судалгаа: Covid-19 бизнест хэрхэн нөлөөлж байна вэ?
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.