Түлхүүр мэдээлэл:
- Цонхон доор нь чимээ гаргасан таван иргэнийг бууджээ.
- Хоёроос дээш хүний аминд хүрсэн хэрэгт насаар нь хорих ял оноодог байна.
- Сэжиштэн өөрийн хэргээ үгүйсгээгүй байна.
ОХУ-ын Рязань мужийн Елатьма тосгоны оршин суугч цонхон доор нь чимээ гаргасан таван хүнийг буудсан хэрэг гарчээ. Сэжигтнийг баривчилсан байна.
Мөрдөн байцаах газраас мэдээлснээр цонхон доор нь чанга ярьж чимээ гаргаад байсан залуучуудад тухайн эр тагтнаасаа чимээгүй бай гэжээ. Үүний дараа маргалдаж, сэжигтэн этгээд буугаа аваад гудамжинд гараад буудаж эхэлсэн байна.
Улмаар таван хүн /дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй/ амиа алджээ. Сэжигтэнд хоёроос дээш хүний аминд хүрсэн гэж үзэж хэрэг үүсгээд байгаа бөгөөд ийм хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн дагуу насаар нь хорих ял оноодог байна.
Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр нас барсан хүмүүс бүгд сэжигтэн этгээдийн хөршүүд ба өмнө нь ч тэд хоорондоо зөрчилтэй байсан гэжээ. Харин Мөрдөн байцаах газраас энэ тухай мэдээлэлд тайлбар өгөөгүй байна.
Түүнчлэн Дотоод хэргийн яамнаас таван хүний хоёрыг нь гадаа биш гэрт нь буудсан хэмээн мэдээлжээ.
Интерфакс агентлагийн мэдээлснээр сэжигтэн этгээд хөршүүд нь чимээтэй байсан болохоор гэрт нь орж буудаж эхэлсэн ба дараа нь орцоор орж ирсэн хүмүүс рүү буудсан гэжээ.
Гал нээсэн этгээд хэргийн газраас зугтсан ч цагдаагийнхан түүнийг гэрээс нь холгүй газраас саатуулсан байна. Тухайн үед зэвсэггүй байсан ба буугаа гэртээ үлдээсэн гэжээ. Сэжигтэн хэд хэдэн хүн алсан гэдгээ ч үгүйсгээгүй байна.
Цагдаагийнхан түүнийг сэтгэл зүйн хувьд эрүүл бус, сэтгэл зүйчид хандаж байсан тухай мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters