Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Берлин хотын захиргаа амны хаалтын тээвэрлэлтийг зэвсэгт хүчнээр хамгаалуулах санал гаргажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 53 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Берлин хотын захиргаанаас шаардлагатай хувийн хамгаалах хэрэгслийн тээвэрлэлтийг улсынхаа зэвсэгт хүчнээр хамгаалуулах хүсэлт гаргажээ.
  • Өнгөрсөн долоо хоногт тус хотын захиргааны захиалсан 200,000 амны хаалт замаасаа алдагдсан тул ийм хүсэлт гаргажээ.
  • Бундесверийн удирдлага тус хүсэлтийн хариуд эхлээд иргэний болон арилжааны тээвэрлэлтийн арга замыг судалж үзэхийг зөвлөсөн байна.

Германы нийслэл Берлин хотын захиргаа коронавирусний тахлын эсрэг тэмцэлд шаардлагатай байгаа амны хаалт, бусад хамгаалах хэрэгслийн тээвэрлэлтийг тус улсын зэвсэгт хүчнээр хамгаалуулах хүсэлт гаргажээ.

Өнгөрсөн долоо хоногт Берлин хотын цагдаагийн газарт зориулж захиалсан 200,000 амны хаалт замаасаа алдагдсан нь ийм санал гаргахад хүргэсэн байна.

АНУ-ын 3M компанийн Хятад дахь үйлдвэрт захиалсан амны хаалтууд Бангкокын нисэх буудлаас алдагдсан юм.

Баасан гарагт Берлин хотын аюулаас хамгаалах албаны тэргүүн Андреас Гэйзел амны хаалтуудыг АНУ-ын тал булааж авсан гэж үзэж байгаагаа илэрхийлээд “Энэ бол орчин үеийн далайн дээрэмчний үйлдэл. Трансатлантын түнш орнуудын хооронд ийм зүйл байж болохгүй” гэж мэдэгдэж байв.

Дараа нь Берлин хотын захиргаанаас АНУ-ыг шууд буруутгахаас зайлсхийж, нууцлаг шалтгаанаар алдагдсан амны хаалтын мөрөөр шалгаж эхэлснээ зарласан юм. Өнгөрсөн долоо хоногт Франц улсын эрх баригчид мөн Хятадад захиалсан амны хаалтыг нь Америкчууд замаас булаасан тухай гомдоллож байв. Харин Парис дахь АНУ-ын элчин сайд өөрийнх нь улсын засгийн газар ийм үйл ажиллагаанд оролцсон гэх мэдээллийг эрс няцаажээ.

Германы арми буюу Бундесвер өмнө нь улс дотроо эм, эмнэлгийн чухал ачаа тээвэрлэхэд хамгаалж оролцож байсан удаатай. Харин хилийн чанадад ийм зорилгоор ажиллаж байгаагүй юм. Хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ армийн бие бүрэлдэхүүн зэвсэггүй байх ёстой юм байна.

Тиймээс Бундесверийн удирдлага Берлин хотын хүсэлтэд “Эхлээд иргэний болон арилжааны тээвэрлэлтийн арга замыг судалж үзнэ үү. Дээрх боломжууд хаагдсан нөхцөлд л арми оролцох боломжтой” гэсэн хариу өгчээ.

Дэвсгэр мэдээлэл: Герман улсад саяхныг хүртэл амны хаалтыг зөвхөн өвчтэй хүмүүс л зүүхийг уриалж байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногоос эхлэн тус улсад амны хаалтыг коронавирусний тархалтыг хязгаарлахад чухал ач холбогдолтой гэж үзэх болсон.

Эх сурвалж: Berliner Morgenpost

С.Амарсайхан: Иргэн Т.Ганболд таны саналыг нийслэлийн удирдлагууд хүлээн авч байна
С.Амарсайхан: Иргэн Т.Ганболд таны саналыг нийслэлийн удирдлагууд хүлээн авч байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.