Финланд улсад халдварын анхны тохиолдол 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр илэрснээс хойш 2020 оны 04 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар нийт 1,927 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 28 хүн нас барсан байна.
Финландын Засгийн газар 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл онцгой байдал зарлаж, ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон. Дээрх хугацаанд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байсан. Коронавируст халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг зогсоож, бүх боловсролын байгууллагын үйл ажиллагааны хязгаарлалтыг нэг сараар сунгаж, 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Тус улсын боловсролын байгууллагууд сургалтын үйл ажиллагааг төрөл бүрийн арга замаар зохион байгуулж байгаа бөгөөд дийлэнх хэсэг нь зайны сургалтын хэлбэрийг сонгосон байна.
2020 оны 04 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалттай холбогдуулан 188 улсад улсын хэмжээнд цэцэрлэг, дунд сургууль болон их сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон нь нийт суралцагчдын 91.3 хувь буюу 1,576,021,818 суралцагч танхимын сургалтад хамрагдах боломжгүй болоод байна.
Зарим улсад хичээл, сургалтын үйл ажиллагааг хэсэгчлэн хааснаар 140,453,937 хүүхэд, залуучууд хөл хорионд орсон. Дэлхийн хэмжээнд 1 тэрбум 716 сая хүүхэд, залуучууд танхимын сургалтад хамрагдахгүй байна.
Эх сурвалж: БСШУСЯ