Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Францад нэгэн этгээд хутга барин 2 хүний аминд хүрч, 5 хүнийг шархдуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 26 секунд

Цагдаа нар Романс-сюр-Изер хотод болсон халдлагын цаана террорист этгээд байж болзошгүй гэж таамаглаж байна. Зургийн эх сурвалж: BBC

Түлхүүр мэдээлэл:

  • Францад халдагч этгээд 2 хүнийг хутгалан амь насыг нь хохироож, 5 хүнийг шархдуулсан байна.
  • Тус хэргийг Франц улсын Дотоод хэргийн сайд террорист үйл явдал гэж үзжээ.
  • Хэргийн сэжигтнийг баривчилсан бөгөөд хамсаатан байж болзошгүй нэг хүнийг нэмж баривчилжээ.

Францын зүүн өмнөд хэсэгт нэгэн этгээд хутга барин хүмүүс рүү дайрч, хоёр хүний амь насыг хохироон, 5 хүнийг шархдуулжээ. Шархадсан хүмүүсээс хоёр хүний биеийн байдал хүнд байгаа аж. Тус хэргийг Франц улсын Дотоод хэргийн сайд террорист үйл явдал хэмээн тодотгосон байна.

Гэрчүүдийн мэдээлснээр халдагч Гренобль хотын ойролцоо Романс-сюр-Изере хотод байрлах тамхины худалдааны төв рүү халдаж, тус төвийн эзэн болон үйлчлүүлэгчдийг хутгалжээ. Дараа нь тэндээс гарч, ойролцоох махны дэлгүүрт очиж, дахин олон хүн рүү дайрсан байна.

Францын хэвлэлүүдийн мэдээлснээр Суданаас гаралтай 33 настай эрийг уг хэргийн сэжигтэн хэмээн үзэж баривчлаад байгаа аж. Тэрээр баривчлагдах үеэрээ явган хүний зам дээр өвдөг сөгдөн сууж, Араб хэлээр залбирч байсан хэмээн прокурорууд мэдээлжээ.

Франц улсын дотоод хэргийн сайд Кастанер халдагч этгээд хэргийг дангаараа үйлдсэн эсэхийг тогтоохыг Терроризмын эсрэг үндэсний прокурорын газарт даалгасан байна. Үүний дагуу прокурорын газар сэжигтний гэрт нэгжлэг хийж шашны гар бичмэлийн хэлтэрхий олжээ. Мөн халдлага үйлдсэн этгээдтэй хамт амьдардаг хоёрдогч этгээдийг баривчилсан байна.

Сэжигтэнд дээрх халдлагыг хийх сэдэл хэрхэн төрсөн нь одоогоор тодорхойгүй хэвээр байгаа аж.

Ерөнхийлөгч Эммануэль Макрон уг халдлагыг "аймшигтай" үйл явдал хэмээн тодорхойлсон бөгөөд энэ нь цар тахлаас болж хүнд хэцүү үеийг даван туулж буй тус орныг улам гунигт автахад хүргэсэн үйл явдал болжээ.

Эх сурвалж: BBC

Трамп иргэддээ удахгүй тохиох их хэмжээний үхэлд бэлтгэлтэй байхыг анхаарууллаа
Трамп иргэддээ удахгүй тохиох их хэмжээний үхэлд бэлтгэлтэй байхыг анхаарууллаа
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.