Дэлхий дахинд тархаад буй коронавируст халдварын улмаас ихэнх байгууллагууд зайнаас ажиллах горимд шилжээд байна. Иймд байгууллагын харилцаа холбоо, шийдвэр гаргах үйл явцад хамгийн чухал үйл ажиллагаа бол онлайн хурал, уулзалт юм.
Хэрэглэгчдийн хувьд түгээмэл ашигладаг Zoom аппликейшн нь хэрэглэгчдийн хувийн мэдээллийг алдсан хэмээх мэдээлэл цацагдсан юм. Энэхүү үйл явдалд тус компанийн гүйцэтгэх захирал Эрик Юань хэрэглэгчдээсээ уучлалт хүсэж, дараах мэдэгдлийг хийсэн юм.
Ковид-19 вирусний дэгдэлтээс болж олон сая хүн хөл хорионд ороод байгаа. Иймээс зөвхөн өнгөрсөн сард хэрэглэгчид Zoom апп-аар ашиглан өдөр бүр 200 сая хүмүүс видео хурал хийж, төрсөн өдрийн үдэшлэгээс эхлээд шашны арга хэмжээ, тэр ч байтугай Их Британийн Засгийн газрын хуралдаанд хүртэл ашигласан байна. Гэхдээ энэхүү асуудал нь манай компанийг нууцлалын тал дээр илүү сайжруулах шаардлагатайг харууллаа гэжээ.
Иймээс бид албан байгууллагуудын хурал, уулзалт, ЕБС, их, дээд сургуулийн онлайн хичээлийн хэлэлцүүлэг, багийн ажлыг хамтран гүйцэтгэх, төслийн хурал, хэлэлцүүлэг, brainstorming зэргийг явуулахад тохиромжтой платформуудыг танилцуулж байна. Видео дуудлагаар дамжуулан бусадтай холбогдох боломжтой олон платформ байдаг хэдий ч ихэнх нь заавал хэрэглэгчийн бүртгэл үүсгэдэг. Харин энэхүү танилцуулж буй технологийн шийдлүүд нь заавал бүртгэл үүсгэхгүйгээр хурал хийх боломжтойг сануулахад таатай байна.
Meeting.mn бол CallPro компаниас хөгжүүлсэн онлайн хурал, уулзалтын платформ юм. Та энэхүү сайтыг ашиглан шинээр хурлын өрөө нээхдээ дурын найман оронтой тоог ашиглан “Хурлын өрөөний нэр” хэсэгт оруулснаар цахим хурлыг эхлүүлнэ. Тус хурлын өрөөний дугаарыг ашиглан мэдэж байгаа хүн бүр хуралд оролцох боломжтой. Meeting.mn платформд зохион байгуулагдах цахим хурлын үргэлжлэх дээд хугацаа нь 1 цаг юм. Онлайн хурал хийх дотоодын платформ гэдгээрээ ихээхэн онцлог.
Зочлох: https://www.skype.com/en/free-conference-call/
Skype нь 2003 онд анхны туршилтын хувилбар гарснаас хойш онлайн дуудлага хийхэд зориулагдан хөгжиж буй платформ юм. Та заавал өөрийн бүртгэлээр нэвтрэлгүйгээр “Meet Now” товчийг дарснаар видео хуралд оролцох боломжтой. Хуралд оролцогчдын төхөөрөмж, платформ зэргээс хамаарч дуудлагад орох хэрэглэгчдийн тоо янз бүр байдаг төдийгүй хурлын дуудлагыг 30 хоног хүртэлх хугацаанд хадгалах боломжтой. Мөн дуудлагын ард талын дүрсийг бүдгэрүүлэх, презантаци харуулах зэрэг функцтэйгээрээ онцлог.
Зочлох: https://www.webex.com/
1990-ээд оноос хойш онлайн хурал хийхэд зориулагдан хөгжиж буй аппликейшн бол Webex юм. Тус платформыг 2007 оноос хойш Cisco компани хөгжүүлэлтийг хийж байгаа юм. Webex-ийг ашиглах хэрэглэгчийн тоо, үргэлжлэх хугацаа зэрэг үзүүлэлтээс хамаарч төлбөр төлөх шаардлагатай байдаг хэдий ч 100 хүртэлх хүн оролцож, 40 минутийн хугацаанд үргэлжлэх хурлыг үнэ төлбөргүй хийж болно.
Зочлох: https://www.starleaf.com/resources/remote-working-hub/
Та урьд өмнө нь Starleaf-ийн талаар сонсоогүй байж болох юм. Учир нь дээрх платформ нь ихэвчлэн томоохон байгууллага, компаниудад зориулан онлайн хурал хийх боломжийг тусгайлсан боломж олгодог платформ юм. Гэвч тус платформ нь COVID-19 цар тахлын үед ашиглах боломжтой үнэгүй хувилбарыг санал болгож байна. Starleaf-ийг ашиглан 20 хүртэлх оролцогч, 46 минутын хугацаанд онлайн хурал хийх боломжтой.
Зочлох: https://meet.jit.si/
Jitsi Meet нь нээлттэй эхэд суурилсан онлайн дуудлагын платформ юм. Та олон үйлдлийг гүйцэтгэхгүйгээр хурлын нэрийг оноож, эхлэх товчийг дарахад онлайн хурал шууд эхэлнэ. Үүний дараа та дэлгэцний баруун доод хэсэгт байрлах линк, нэр, нууц үгийг хуралд оролцогчдод илгээх юм. Jitsi Meet-ийн хамгийн онцлог тал нь өөрийн дэлгэцийг бусдадаа хуваалцахаас гадна сайтын линк, YouTube линк, аль эсвэл ганцхан програмын дэлгэцийг бусдадаа харуулах боломжтой. Үүнээс гадна хэрэглэгч автоматаар хасах, дуугүй болгох зэрэг онлайн хурлын үед хийх шаардлагатай үйлдлүүдийг төвөггүй хийнэ. Мөн Slack, Google Calendar, Office 365 програмуудтай хослуулан ажиллуулах боломжтой юм. Хурлыг Dropbox драйв дээр бүрэн эхээр нь хадгалж болно.
Зочлох: https://whereby.com/user
Whereby нь бусад хурлын платформуудтай харьцуулахад цөөн онцлогтой. Тодруулбал дээд тал нь дөрөв хүртэл хэрэглэгч холбогдох, нэг хурлын өрөө нээж болно. Харин 9.99 ам доллар төлснөөр идэвхжих ‘Premium’ багц нь 3 хүртэлх хурлын өрөөнд 12 оролцогч санаагаа хэлэлцэх боломжтой. Харин Whereby платформын давуу талууд нь өрөөгөө хаалттай болгох, видео дуудлагын хажуугаар чатлах, эможи ашиглан сэтгэл хөдлөлөө харуулах, Google Drive, Trello, YouTube зэрэг платформ дээрх дүрсийг харуулж, хэлэлцүүлэг өрнүүлж болно.