Ялсан намын “Эрдэнэсийн сан”. Шунахай улстөрчдийн “Саалийн үнээ” болохоос өөрөөр “Хөгжлийн банк” үнэндээ хөгжсөнгүй. Өнгөрсөн хугацаанд гаргасан 3.2 их наяд төгрөгөөр хэмжигдэх багц зээлүүдээс нь 1.3 их наяд төгрөг нь ЧАНАРГҮЙ буюу буцаан төлөгдөхгүй байгаа ангилалд орсон. Уг нь анх байгуулагдаж байсан зорилго нь улс, орны хэмжээний томоохон бүтээн байгуулалт, мега төслүүдийг санхүүжүүлэх байсан. Сангийн сайд “Татан буулгаад Эксим банк буюу экспорт, импортыг дэмжих чиглэлд нь ажиллуулна” гэж өнгөрсөн зун мэдэгдсэн. Энэ оны төсвийг зураглахдаа энэ хүрээнд боловсруулсан. Ойрын өдрүүдэд улс төр “ороод” тус банкны асуудал ашгүй нэг юм “босоод” ирсэн дээр нь хэдэн зүйл хэлье.
Ерөнхийдөө “Хөгжлийн банк”-ийг улстөрчид хорлосон. Одоо энэ банкны мөнгийг эргүүлж олж авах хэрүүл хэдэн арван жил үргэлжлээд ч дуусахгүй. Юун ЖДҮ. Юун 950 сая төгрөг. Жинхэнэ том хулгай “Хөгжлийн банк” дээр өрнөсөн. Үнэн хэрэгтээ “ЖДҮЧИД” бол зүгээр жижиг гарын хулгайчид. Жинхэнэ их гарынхан банкаар нь хоосолж, төрийн мөнгийг хүү багатай авч хэрэглэсэн. “Хөгжлийн банк”-ны чанаргүй нэг зээл гэхэд л саяар биш тэрбумаар тоологдоно. Мэдээж энэ их хэмжээний мөнгийг авчихаад бүгдийг нь үрнэ гэж байхгүй. Тиймээс “Хөгжлийн банк”-наас зээлийн санхүүжилт авсан нөхдүүд санхүүжилтээ үнэхээр төсөл хөтөлбөртөө хэдэн төгрөгийг нь зарцуулсан гэдгийг шалгах хэрэгтэй. Хэрвээ өөр зүйлд хөрөнгө оруулаад, өөр зориулалтаар ашигласан бол энэ үйлдэл нь цагаандаа гарсан мөнгө угаалт гэсэн үг.
Хөгжлийн банкнаас зээл авсан эрхмүүдийн нэрсийг харахаар нөгөө л Б.Дамба-Очир, Б.Ундармаа, дэд сайд асан Ш.Лхамсүрэн гээд хэдэн улстөрчдийн нэрс хөврөнө. Араас “Эрэл”, “Бармон”, “Кью Эс Си” гээд улс төрийн “хашааг” нэг насаараа эргэж тойрч яваа бизнесмэнүүдийн компаниуд бичигдэнэ. Тэд нийтдээ 1.3 их наяд төгрөгийн зээлийг бараг л “залгичихсан”. Зарим эргэн төлөлт нэртэй тав, гурван цаасаа хуваарийн дагуу биш хүссэн үедээ өгдөг ч, үнэн чанартаа зээлээ төлж чадах эсэх нь эргэлзээтэй болсон. Үлдсэн нь хэд нь бүр “дүр эсгэсэн” эргэн төлөлт ч хийхгүй хэдэн жилийг үдсэн. Манай “Хөгжлийн банк” гэж эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хүн шиг иймэрхүү л дүр төрхтэй ажиллаж ирлээ. Энэ он гарснаас хойш зээл гаргаж чадахгүй байгаа. Ардын намынхан “Хөгжлийн банк”-ийг дампууруулж буй ичих нүүргүй улстөрчдөөсөө мөнгөө олж авах уу. Энэ асуудлаасаа болж дараагийн сонгуульд хамраараа газаар хатгах уу гэдгээ одоо л шийдэх учиртай. Хэнийг яаж шийтгэж, хэнээр яаж төлүүлэхийг ард түмэн анхааралтай ажиглаж байгаа.
Манайд аливаа асуудал улс төр орохоороо илүү тодордог. Эсвэл бүдгэрдэг. “Хөгжлийн банк”-ны асуудал бүр дээрээс хойш яригдсан. Өнгөрсөн наймдугаар сард л зээлээ эргүүлж төлөхгүй байгаа компаниудыг манай сайт зарлаж байв. Гэвч сүүлийн өдрүүдэд уг асуудал гэнэтхэн хүчтэй сөхөгдөж эхэллээ. Ингэхдээ бүр тодорхой чиглэлд хүчтэй өрнөж сэвэлзэж эхлэв. Тиймээс “Хөгжлийн банк”-ны асуудлаар ямар нэгэн улс төрийн “ашиг, хонжоо” харж байх вий гэх хардлага өөрийн эрхгүй төрж буй юм. Гэхдээ яг одоогоор ард нь өрнөж буй улс төрийн нарийн учрыг хэлж мэдэхгүй ч, удахгүй өрнөх “давхар дээл”-ний асуудалтай холбоотой байхыг ч үгүйсгэхгүй.
“Хөшиг”-ний цаана ямар улс төр өрнөж байгаа нь хамаагүй. Банк дампууруулж буй нөхдүүдээс хариуцлага нэхэх нь чухал. Ялангуяа дээрх 1.3 тэрбум төгрөгийн зээлийг гаргасан үе үеийн удирдлагууд, ТУЗ-ийн гишүүдийг ил болгож, хариуцлага нэхэх нь зүйтэй. Захын нэг арилжааны банк хүртэл өөрсдөдөө ашиггүй төсөлд хөрөнгө оруулдаггүй юм. Гэтэл “Хөгжлийн банк”-ны үе үеийн удирдлагууд татвар төлөгчдийн төлсөн 1.3 их наяд төгрөгийг “нохойн замаар” оруулчихаад байна. "Хөгжлийн банк"-ийг тоносон дээрэмчдийг толгойг Ардын нам яаж илэхийг хамтдаа харцгаая.
Ингээд “Хөгжлийн банк”-ны 1.3 их наяд төгрөг нь ЧАНАРГҮЙ буюу буцаан төлөгдөхгүй байгаа ангилалд орсон зээлүүдийг танилцуулж байна. Жич: Уг дүн мэдээлэл өнгөрсөн оны хагас жилээр гарч байсан тайлан мэдээлэл юм.
"Хөгжлийн банк"-ны чанаргүй зээлдэгчидтэй холбоотой өмнөх материалуудыг дараах линкүүдээр дарж уншина уу
Г.Лхагвадорж