УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонслоо.
ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайханы өгсөн мэдээллээр коронавирусийн халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 90 хувь нь уушгины хатгалгаатай хавсарсан байдалтай байна. Омикрон хувилбарын тухайд дельтатай харьцуулахад нэн хүнд өвчтөний эзлэх хувь харьцангуй бага 0,7 хувийг эзэлж байгаа ч суурь өвчлөлтэй хүмүүс, ахмад настнууд, хүүхэд багачууд өртвөл өвчлөл нь хүндрэх магадлалтайг онцоллоо.
ХӨСҮТ-ийн зүгээс омикроны халдварын тархалтыг хумихын тулд ЕБС, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх, эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах, ажлын байрны нягтралыг бууруулах, нийтийг хамарсан арга хэмжээг цуцлах, үйлчилгээний байгууллагуудыг үйл ажиллагаандаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж ажиллах зэрэг саналыг Ажлын хэсэгт танилцууллаа.
Цахим хурлын төгсгөлд Шадар сайд дараах үүргийг хэрэгжүүлэн ажиллахыг Шуурхайн ажлын хэсгийн гишүүдэд даалгалаа.
- Ковидын омикрон хувилбараас урьдчилсан сэргийлэх арга зам, халдвар хамгааллын дэглэм, эмчилгээний талаарх мэргэжлийн эмч нарын зөвлөгөө зөвлөмж, иргэдийн асуусан асуултанд хариулах тусгай контентийг өдөрт 3-аас доошгүй удаа тогтмол цагт хэвлэл мэдээллийг хэрэгслээр олон нийтэд хандан түгээх
- Төрийн байгуулагууд 0-5 настай хүүхэдтэй албан хаагч нарыг, мөн бусад албан хаагчдыг цахимаар болон танхимаар ажиллуулах тусгай хуваарийг батлан гаргаж мөрдүүлэх
- Иргэдээс ирж буй эмийн багцтай холбоотой гомдол саналыг барагдуулах, эмийн багцад олгогдож буй эмийн бүтээгдэхүүнийг стандартад нийцэж буй эсэхэд анхаарал хандуулж ажиллах
- Амбулаторийн үйлчилгээний цагийг уртасган иргэдэд төвөг чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах
- Эм тариа, бусад бүтээгдэхүүний нөөцийн судалгааг гаргаж, тасалуудахгүй байх, татан авах ажлыг Эм, эмийн хэрэгслийг хянан зохицуулах газар хариуцан хэрэгжүүлэх
- Цагаан сарыг гэр гэртээ байж, цахимаар золгохыг иргэдэд уриалахыг үүрэг болголоо.