Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Жанцан: Үндсэн хуультай хувь заяагаа холбосон он жилүүд байлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
12 минут 34 секунд

Хөдөлмөрийн баатар цол хүртсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга асан, гавъяат хуульч, хууль зүйн ухааны доктор Н.Жанцантай ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт амьдрал дээр шалгагдаагүй байхад дахин өөрчилж болохгүй-

-Монгол Улсад ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойгоор та Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Энэ өдрүүдэд юуг онцолж хэлэх вэ?

-Энэ түүхт ойн 30 жил бол миний хувьд Үндсэн хуультай хувь заяагаа холбосон он жилүүд байлаа. Үндсэн хуулийг боловсруулах шат үндсэндээ хоёр жил орчим үргэлжилсэн юм. Энэ шатанд Улсын бага хурлын гишүүд, хуульчид, судлаачдын багтай хамтран ажилласан. Дараа нь Үндсэн хуулийг батлах шатанд 70 гаруй хоног Ардын их хурлын депутатууд бид жинхэнэ оюун бодлоо уралдуулж үзэж тарлаа. Тэр үед Үндсэн хууль баталсан 430 депутатын дотор хууль зүйн ухааны доктор цолтой гуравхан хүн байсан юм. Б.Чимэд багш, Ж.Авхиа доктор бид гурав л байлаа. Энэ утгаараа зарим үед бидэнд арай илүү хариуцлага тулна. Дараа нь миний бие Үндсэн хуулийг хамгаалах шатанд Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүнээр 26 жил ажилласан. Одоо ч сургалт, судалгаа гээд Үндсэн хуультай холбоотой ажил маань үргэлжилсээр байна.

-Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж батлах үеийн халуун өдрүүдийг эргээд дурсахад юу бодогдох юм бэ?

-Энэ бол дэндүү том түүх. Миний бие “Үндсэн хууль бүтсэн товчоон” хэмээх ном 2001 онд бичсэн юм. Энэ номонд ч энэ том түүхийн өчүүхэн хэсэг хөндөгдсөн. Товчхон хэлэхэд энэ өдрүүд бол үг хэлэх эрх чөлөө ханхалсан өдрүүд байлаа.

-Та бүхний баталсан Ардчилсан шинэ Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн гэж үздэг үү?

-Энэ Үндсэн хууль бол Монголын ард түмний сэтгэл, итгэл шингэсэн хууль. Яагаад гэвэл ард олны илгээсэн хэдэн мянган санал, хүсэлтийг судалж, тунгааж байж хийсэн шүү дээ. Ардчилсан Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн, гүйцэтгэсээр байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн суурь үндэс, үзэл баримтлалыг хөндөөгүй гэж үзэж болно.

-Та Үндсэн хуулийг хамгаалах үйлсэд олон жил зүтгэсэн хүний хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ямар дүн тавих вэ. Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах яриа хөөрөөг яаж хүлээж авч байна?

-Энэ нэмэлт, өөрчлөлт бол гурван парламент дамжин хэлэлцэгдэж байж хийгдсэн өөрчлөлт юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг долоо хэмжиж байж нэг огтлох зарчмаар хийх ёстой. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд миний хувьд сэтгэл хангалуун байгаа. Улс төр, нийгмийн амьдралын хэд хэдэн тулгамдсан асуудалд шинэ шийдэл олсон гэж үзэж болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт амьдрал дээр шалгагдаагүй байхад дахин нэмэлт өөрчлөлт хийж болохгүй. Ялангуяа нэг нам парламентад хэт давамгайлж байгаа цаг үед ойр ойрхон нэмэлт өөрчлөлт хийх нь улс төрийн ёс суртахуунгүй асуудал болно.

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын их хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт Үндсэн хууль зөрчиж байна гэсэн гомдол гарч, түүнийг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэх гэж байна хэмээн зарим хүн ярьж, бичиж байна. Таны санаа бодлыг сонсмоор байна?

-Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийг хамгаалдаг байгууллага болохоос биш, Үндсэн хуулийг хянадаг байгууллага биш. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдмагцаа Үндсэн хууль болно. Ганцхан тохиолдолд Үндсэн хуулийн Цэц батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч үзэж болно. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа Үндсэн хуульд заасан шалгуур, журмыг зөрчсөн бол авч үзнэ. Үндсэн хуульд ямар заалт оруулах, ямар хязгаарлалт тогтоох нь зөвхөн хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарна.

Тийм болохоор Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгох дүгнэлт гаргана гэж би огтхон ч бодохгүй байна. Энэ бол Үндсэн хуулийн Цэцийн бүрэн эрхэнд үл хамаарах асуудал.

-Гэсэн ч Үндсэн хуульд байгаа Засгийн газрын гишүүний давхар дээлтэй байх зарчимд хязгаарлалт хийсэн заалтыг зарим улстөрчдийн захиалгаар Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгох гэж байгаа хэмээн ярьж бичээд байна шүү дээ?

-Миний ажиллаж байсан, тодорхой цаг үед миний авч явсан гэж хэлж болох Үндсэн хуулийн Цэц гуравхан жилийн дотор онол, арга зүйн хувьд тийм доод түвшинд орж, хараат бус байдал нь алдагдсан гэж би огтхон ч бодохгүй байна. Хэрэв хүмүүсийн ярьж байгаа шиг Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульдаа халдсан шийдвэр гаргавал манай Үндсэн хууль тоглоомын Үндсэн хууль болно. Яагаад гэвэл манаач нь хүртэл халдлага хийж болдог. Мөн ийм шийдвэр гарвал төр хямарч, нийгэм болон намууд талцаж Үндсэн хуулийн хямралт байдал үүсэх магадлалтай. Үндсэн хуулийн Цэц ч ардчиллын дархлаа гэсэн утгаа алдахад хүрнэ.

-Хэрвээ Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгох асуудал Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхэд үл хамаардаг юм бол энэ асуудлаар яагаад хэрэг үүсгэж байгаа юм бол?

- Энэ асуудал миний толгойг эргүүлж, бодлогоширолд оруулж байгаа юм. Миний нэг таамаг бол зарим улс төрчид Үндсэн хуулийн Цэцэд захиалга өгөөд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэсэн заалт, Үндсэн хуулийн зарим заалттай зөрчилдөж байна ч гэдэг юм уу, ямар ч байсан энэ заалтыг хөндөх санал Цэцээр гаргуулж, түүн дээрээ дөрөөлөн Үндсэн хуулиа хөндөх гэж байгаа юм биш байгаа гэсэн бодол төрж байна. Энэ тохиолдолд Үндсэн хуулийн Цэц бас ийм санал гаргаж өгөх боломжгүй. Яагаад гэвэл Үндсэн хуулийн Цэц хууль санаачлагч биш. Түүнээс гадна аливаа хуулийн төсөлд санал өгөх хориотой. Үндсэн хуулийн Цэцийн санал өгсөн хуулийн төсөл Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байвал дараа нь түүнийг хэн засах юм.

Үндсэн хуулийн Цэц ганцхан тохиолдолд хуулийн төсөлд санал өгнө. Тэр нь болохоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлагдахаас өмнө УИХ-ын хүсэлтээр санал өгөх эрхтэй. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт болоход Үндсэн хуулийн Цэц УИХ-д Үндсэн хуулийн нэмэлт, өөрлөлтийн талаар тусгай саналгүй гэсэн хариу өгсөн. Тийм болохоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар одоо санал өгөх боломжгүй. Хэрвээ тэдний хүсэлтээр санал өгвөл Үндсэн хуулийн Цэцэд хайртай, дуртай гишүүдийн тоо илтэд нэмэгдэх нь ойлгомжтой. Эцэг хуулиа манаж байгаа хүмүүс эцгийн буйртай сууж сурах нь чухал.

-Та Үндсэн хуулийг сахин хамгаалах үйлсэд 26 жил зүтгэсэн байх юм. Бусад гишүүд ихэнх нь зургаан жил ажиллаад л чөлөөлөгдсөн байдаг шүү дээ. Таныг нэг төрлийн дээд амжилт тогтоосон гэж хэлж болох байх шүү?

-Намайг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар тус бүр дэвшүүлж, дөрвөн удаа томилогдсоны дараа миний хугацаа дуусчихаад байхад Ерөнхийлөгч Х.Баттулга нэмж, нэг жил зургаан сар ажиллуулсан юм. Дараа нь би чөлөөлөгдөх хүсэлтээ хоёр удаа гаргаж байж чөлөөлөгдсөн л дөө. Миний энэ амжилтыг хэн, хэзээ эвдэхийг бурхан багш л мэдэх байх.

-Та нэгэн ярилцлагадаа “Би бол ханасан уусмал, төрийн төлөө хийж чадах бүхнээ хийсэн” гэж хэлсэн байсан. Өнгөрүүлсэн он жилүүддээ сэтгэл хангалуун байдаг уу?

-Энэ чинь миний долоо, найман жилийн өмнө хэлсэн үг байна.

Ханасан уусмал гэсэн үгийг би тэр үедээ төрд алба хашсан өндөр албан тушаалдаа, төрөөс хүртсэн өндөр шагнал урамшилдаа ханасан гэсэн утгаар хэлсэн юм. Хэрвээ би өнгөрүүлсэн он жилүүддээ хангалуун биш байвал хангалуун хүн дэндүү цөөн байх байлгүй. Ер нь тэгээд сэтгэл хангалуун амьдрал гэдэг албан тушаал, хөрөнгө мөнгөнд биш, сэтгэл түвшин, халуун дулаан уур амьсгалтай гэр бүлийн амьдралд л байдаг юм шүү дээ. Ийм гэр бүл Монголд маш олон бий.

-Та бас цуглуулагч хүн шүү дээ. Хувийн цуглуулганыхаа талаар сонирхуулаач?

-Би Монголын Эртний эдлэл цуглуулагчдын холбооны ерөнхийлөгч хүн. Ийм холбоо дэлхийн улс орнуудад хэд хэд байдаг юм билээ. Энэ холбооны үндсэн зорилго нь Монголын соёлын өвийг хамгаалах, үнэ цэнийг нийтэд таниулах, соёлын үнэт урлагийн бүтээлийг хилийн чанадад гарахаас сэргийлэх үүрэг бүхий ашгийн бус, сайн дурын байгууллага.

Энэ том ажлыг ганц сайн дурын байгууллага бүрэн хэмжээгээр хийх боломжгүй. Гэхдээ боломжийнхоо хэрээр ард олондоо, төр засагтаа тусалж л байна гэж боддог. Миний цуглуулга дотроо хэд, хэдэн чиглэлтэй. Одоо хүрээг нь маш сайн хумиж байгаа. Их мөнгө зарах магадлалтай хөөрөгний цуглуулга гэх мэтээсээ татгалзаж байна. Мөн зарим цуглуулга маань үр дүнд хүрч байгаа гэх үү дээ. Миний маркны цуглуулгаар гаргасан “Монголын ховор марк” хэмээх ном 2015 онд Сингапурт болсон дэлхийн үзэсгэлэнгийн “Мөнгөн” медаль авч, Монгол Улсад марк өндөр түвшинд хөгжсөн гэдгээ дэлхий дахинд харуулсан.

2020 онд Дэлхийн 15 улс оролцсон Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Арт фестивалын “Өв уламжлал” номинацийн тэргүүн байрын шагналыг миний цуглуулга авсан.

Мөн 18 жилийн өмнө үлэг гүрвэлийн өндөг, чөмөг, хүзүү гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг хил давуулах гэж байхад нь худалдаж аваад 2020 оны нэгдүгээр сард Байгалийн Түүхийн музейдээ бэлэглэсэн гээд яривал нэлээд олон зүйл урсана. Хобби бол стреcс тайлах эм юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Өмгөөлөх эрхийг нь түдгэлзүүлсэнийг эсэргүүцсэн Б.Баасанцогтын гомдлыг Дээд шүүх хангахгүй орхижээ
Өмгөөлөх эрхийг нь түдгэлзүүлсэнийг эсэргүүцсэн Б.Баасанцогтын гомдлыг Дээд шүүх хангахгүй орхижээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.