Оны өмнөхөн өдөрт 500-700 бүртгэгдэж байсан халдварын тохиолдол он гарсаар эрс нэмэгдэв. Өдөрт илрэх тохиолдлын тоо 1000-гаар нэмэгдэж, 2000-ийг шүргэх болов. Тэр ч бүү хэл халдварлах индексээрээ 90 хувьтай “Омикрон” хувилбар манай улсад 17 бүртгэгдээд байна. Дельта хувилбарын оргил үед 4000 бүртгэгдэж байсан бол Омикрон хувилбарын оргил үед өдөрт 15-20 мянган тохиолдол бүртгэгдэнэ УОК-ынхон мэдээлсэн.
Дотоодод альфа, дельта, омикрон хувилбар тархаж, цаашид нөхцөл байдал хүндэрч ч болзошгүй. Тэгвэл халдварын эрсдэлээс сэргийлэхэд "ДӨРӨВДҮГЭЭР" тунд найдвар тавих хүмүүс ч олонтаа байна. Манай улс өнгөрсөн долоо хоногоос эхлэн цар тахалтай тэмцэж буй хариу арга хэмжээний багийн ажилтан, алба хаагчдыг дөрөвдүгээр тунд хамруулж эхэлсэн. Тиймээс дархлаажуулалтын цэгүүдээр дөрөвдүгээр тунгийн хамрагдалт, иргэдийн идэвх хэр байгааг сурвалжиллаа.
Баянзүрх дүүрэг дэх вакцинжуулалтын цэгүүдийн нэг болох Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дархлаажуулалтын нөхцөл байдалтай танилцахад дөрөвдүгээр тунд хамрагдаж байгаа иргэдийн ихэнх нь 40 дээш насны иргэд байлаа.
"ХОЁРДУГААР ЭМНЭЛГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГЭЭР ӨДӨРТ 200 ГАРУЙ ХҮН ДӨРӨВДҮГЭЭР ТУНД ХАМРАГДАЖ БАЙНА"
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ариутгал, халдваргүйтгэлийн тасгийн эрхлэгч Ц.Уянгаас дархлаажуулалтын явцыг тодрууллаа.
-Сайн байна уу. Дөрөвдүгээр тунд иргэдийг хамруулж эхэлснээс хойш иргэдийн идэвх хэр байна. Өдөрт хэдэн хүн дөрөвдүгээр тундаа хамрагдаж байна вэ?
-Манай дээр дархлаажуулалтын нэг л цэг ажиллаж байна. Дархлаажуулалтын дөрөвдүгээр тун эхлэхээс өмнө вакцин хийлгэхээр ирэх хүний тоо маш цөөхөн байлаа. Дөрөвдүгээр тунд хамруулна гэсэн сайдын тушаал гарч, Омикроны дэгдэлт гарснаас хойш хамрагдах хүний тоо эрс нэмэгдсэн байна. Өдөрт дунджаар 200 хүн тогтмол дөрөвдүгээр тунд хамрагдаж байна. Цаашдаа ч нэмэгдэх, ачаалал үүсэх шинжтэй байна.
-Дөрөвдүгээр тунгийн хажуугаар халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор гуравдугаар тунд хамрагдах иргэдийн тоо ч бас нэмэгдэж байна уу?
-Иргэд жаахан хожимдоод байна л даа. 11-12 дугаар сард хийлгээгүй хэрнээ сая халдварын тохиолдол нэмэгдэнгүүт гуравдугаар тун ч тэр дөрөвдүгээр тун ч тэр эрс нэмэгдэж байна. Монгол хүний зан л юм байлгүй дээ.
-Вакциндаа хамрагдаж буй иргэдийн хувьд залуу хүмүүс цөөхөн байх шиг байна?
-Ихэвчлэн өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд л идэвхтэй сайн хамрагдаж байна. Залуучууд хаашдаа өвдөөд эдгэсэн юм чинь гэж бодоод хийлгэхгүй байх шиг. Уул нь вакцины дархлаа гурван сар болоод буурна гэж үзэж байгаа юм чинь өвдсөн ч байсан гурав, дөрөвдүгээр тунгаа хийлгэсэн нь л зүгээр гэж хэлмээр байна.
"Цус бүлэгнэнэ гэж үзэж байвал эмч нар Аспирин "Ц" уух зөвлөгөө өгч байгаа"
-Вакцин хийлгэсний дараа зарим иргэд цус бүлэгнэж байна гэж ярилцаж байна. Энэ ямар учиртай вэ?
-Богино хугацаанд зохион бүтээгдэж, судлагдаж байгаа зүйл бол вакцин. Тийм болохоор тооцоолоогүй шинж тэмдгүүд гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ үйлдвэрээс заавар дээрээ ямар шинж тэмдэг илэрнэ гэсэн тэр л илэрч байгаа. Цус бүлэгнэнэ гэж үзэж байгаа бол эмч нар Аспирин "Ц" уух зөвлөгөө өгч байгаа. Хүнд хэлбэрийн хариу урвал илрэхгүй байх. Иргэд хэрэггүй, хуурамч мэдээлэл гэхээсээ илүүгээр холбогдох нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг сонсох нь илүү зүйтэй. Энгийн ухаанаар ойлгоход вакцингүй өвдөж янз бүр болсноос вакциний дараах хөнгөн хариу урвалыг өнгөрөөчихөөд явж байсан дээр шүү л гэж хэлье.
"Вакцины хугацааг үйлдвэрлэгчийн зааврын дагуу гурван сараар сунгасан"
-Вакцины нөөц хэр байна вэ?
-Нөөц хангалттай байна. Вакцинаа ХӨСҮТ-ээс хэрэглээндээ тааруулж авч байгаа. Тийм болохоор хадгалах горимд асуудал гарахгүй.
-Вакцины хугацааны хувьд хүмүүс бас их эргэлзээтэй байх шиг байсан?
-Вакцины хугацааг үйлдвэрлэгчийн зааврын дагуу гурван сараар сунгасан. Тэгэхээр гурван сарын 31 хүртэл хийж болно гэсэн үг. Гэхдээ хүмүүсийн хамрагдалт их байгаа учраас нэг сарын 31-нээс өмнө дуусахаар байна.
Ингээд вакцины дөрөвдүгээр тунд хамрагдаж буй иргэдийн байр суурийг сонслоо. Иргэдийн хувьд ихэнх нь 40-өөс дээш насныхан байсан бөгөөд дөрөв ч бай, хэд ч бай вакцинд хамрагдах нь зүйтэй гэдгийг хэлж байсан юм.
СБД-ийн иргэн М.Чадраабал “Веросел вакцин хийлгэлээ. Ард түмэн вакцинаа хийлгэх хэрэгтэй. Үзэл бодлоо тулгаж байгаа юм биш. Гэхдээ бид шинжлэх ухаанд итгэдэг байх хэрэгтэй. Хэдийгээр хувь хүний асуудал ч гэлээ вакциндаа хамрагдаад дэглэмээ сахиад явбал болно доо. Би корона тусаагүй, дархлаажуулалтад хамрагдаад муудсан юм алга. Тиймээс хэдэн тун ч байсан хамаагүй хийлгээрэй” хэмээлээ.
“Халдвар нэмэгдээд байгаа учраас гуравдугаар тундаа хамрагдах гээд зогсож байна. Есдүгээр сард халдвар авсан. Вакцин хийлгээд сөрөг нөлөө лав гарахгүй. Тиймээс вакциндаа хамрагдах нь чухал байх шүү” гэв.
СБД-ийн иргэн Б.Ууганбаатар "Эхний гурван тунгаа Хятад вакцин хийлгэсэн. Дөрөв дэх тунгаа ч мөн Хятадыг нь хийлгэнэ. Өөрсдөө ч хийлгэнэ гэж бодож байсан. Харин ажлаас дөрөвдүгээр тундаа хамрагдвал зүгээр байна шүү гэж хэлэхээр нь өнөөдөр хийлгэх гэж байна. Миний дархлаа тийм ч муу биш л дээ. Гэхдээ л сайн дархлаан дээр вакциндаа хамрагдсан болохоор өдийг хүртэл халдвар аваагүй юм болов уу. Хийлгэх нь хувь хүний л асуудал. Гэхдээ миний зүгээс хийлгэвэл зүгээр гэж зөвлөе. Хөнгөн тусаад амь наснаас холуур л өнгөрч байвал болно доо”
Үүний дараа бид Сансарын гэх тодотголтой E-mart худалдааны төвийн зургаан давхарт байрлах “Family medical clinic” эмнэлгийн дархлаажуулалтын түр цэгээр орлоо. Дөрөвдүгээр тунд хамрагдах иргэдийн идэвх сайн байгаа хэдий ч дархлаажуулалтад хамрагдах хүүхэд, залуусын тоо харьцангуй сул байгаа талаар ярьж байсан юм. Ингээд “Family medical clinic” эмнэлгийн вакцинжуулалтын урьдчилан сэргийлэхийн эмч М.Мөнхтуулаас нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Иргэд дөрөвдүгээр тундаа хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?
-Манай түр цэгт өдөрт дунджаар 50-60 хүн дөрөвдүгээр тун хийлгэж байна. Өнөөдөр зөвхөн 12 цагийн байдлаар гэхэд л 50 гаруй хүн хамрагдаад байна. Эндээс харахад өдрөөс өдөрт дөрөвдүгээр тунд хамрагдах хүмүүсийн тоо нэмэгдэж байна.
-Залуучууд төдийлөн хамрагдахгүй байх шиг анзаарагдлаа?
-Вакцинд хамрагдаж байгаа хүмүүсийг харахаар ихэвчлэн 45-аас дээш насныхан болон суурь архаг хууч өвчтэй иргэд байна. Энэ нь ч сайн хэрэг. Иргэд ч мэдээллээ сайн авдаг болсон байна. Залуу хүмүүс өөрсдийн дархлаанд найдаад байх шиг байна. Вакцинд хамрагдвал халдвараас 100 хувь сэргийлэхгүй ч гэсэн хүндрэлээс бол сэргийлж байгаа шүү. Зарим залуус буруу мэдээлэл аваад байх шиг байгаа юм.
-Вакцины сонголтын хувьд иргэд ямар вакциныг түлхүү сонгож байна вэ?
-Мэдээллээ олон эх сурвалжаар авч байгаа учраас ганцхан файзер сонгохоо больчихсон байна. Зарим нь дөрвөн тун хийлгэхдээ зөвхөн Вероцел хийлгэсэн хүн ч байна.
Дөрөвдүгээр тунгийн дархлаажуулалт эхлээд 4 хонож байгаа ч өчигдрийн байдлаар 10247 хүн дөрөвдүгээр тундаа хамрагдсан байна. Энэ нь дөрөвдүгээр тунгийн дархлаажуулалтын явц өндөр байгааг харуулж байгаа бөгөөд цаашид ч иргэд вакциндаа идэвхтэй хамрагдах нь "Омикрон" хувилбараас сэргийлэх хамгийн сайн арга гэж албаны хүмүүс үзэж байгаа билээ.