Түлхүүр мэдээлэл:
- Нэг дор олон сая хүнд сэрэмжлүүлэх зурвас илгээх боломжтой 3 арга байдаг.
- Үүрэн холбооны операторуудаар дамжуулах, үүрэн нэвтрүүлгийн үйлчилгээ ашиглах, байршилд тулгуурлан илгээх аргууд юм.
- Одоогоор улс орнууд өөр өөр аргыг сонгон иргэддээ сэрэмжлүүлэг хүргэж байгаа нь ихээхэн ашиг тусаа өгөөд байна.
Дэлхийн 5 тивийн 204 улсад бүртгэгдээд буй Ковид-19 халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор засгийн газрууд иргэддээ өдөр бүр сэрэмжлүүлэх мессеж илгээж байгаа билээ. Тухайлбал,
Өмнөд Солонгос улсын иргэд коронавирусээс сэрэмжлүүлэх зурвасыг өдөрт 3-5 удаа авдаг байна. Тус зурваст Ковид-19 халдвараас хэрхэн сэргийлэх талаарх зөвлөмж болон уг вирусний халдвар авсан хүмүүсийн явсан газар, хөдөлгөөн зэргийг цаг хугацаатай нь нарийвчлан мэдээлдэг аж.
Энэхүү хавьтлын мөрдлөг, судалгаа, сэрэмжлүүлэх мессеж зэрэг нь тус улсад халдварын тархалт буурахад нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг байсныг Солонгосын эрх баригчид хүлээн зөвшөөрчээ.
Энэ мэтчилэн олон улс орон иргэддээ сэрэмжлүүлэх мессеж илгээж байна.
Тэгвэл Засгийн газрууд ямар аргаар сая сая хүмүүст нэг дор мессеж илгээж байна вэ?
Гар утасны зурвас олон хүнд зэрэг илгээх 3 үндсэн арга байдаг бөгөөд өнөөгийн нөхцөл байдалд улс орнууд өөр өөр аргыг сонгон ашиглаж байна.
Гар утасны үүрэн холбооны оператор компаниудаар дамжуулах
Эхний арга зам бол гар утасны үүрэн холбооны оператор компаниудаар дамжуулан мессеж илгээх явдал юм. Их Британи улс л гэхэд энэ долоо хоногийн эхээр оршин суугчиддаа гэрээс гарахгүй байх шинэ дүрмийг оператор компаниудаар дамжуулан илгээсэн байдаг.
Үүнтэй адил улс орнуудын засгийн газрууд үүрэн холбооны операторууддаа дээрх хүсэлтийг тависнаар хүн бүрт харилцан адилгүй хугацаанд мессеж очдог байна.
Харин оператор компаниудаас тусламж авалгүйгээр иргэн бүрт зурвас илгээж болох өөр 2 арга байдагийг Эвербридж (программ хангамжийн компани) компанийн ахлах дэд ерөнхийлөгч Хавьер Коладо танилцуулжээ. Тэдгээр нь хоёулаа тодорхой технологи, программ хангамжийг гар утасны сүлжээнд оруулахыг шаарддаг бөгөөд үүнийг хийхийн тулд засгийн газар үүрэн холбооны оператор компаниудын сүлжээнд шууд халддаг байна.
Үүрэн нэвтрүүлгийн үйчилгээ
Эхний сонголт бол Өмнөд Солонгос болон АНУ-ын ашигладаг үүрэн нэвтрүүлгийн үйлчилгээ юм. Энэ нь засгийн газрууд сүлжээний операторуудынхаа үүрэн цамхаг, радио долгионыг шууд өөрсдөө ашиглан хэдхэн секундын дотор зурвас илгээхийг хэлдэг. Үүний тулд ямар ч сим карт эсвэл утасны дугаарын мэдээлэлд нэвтрэх эрх бүхий албан тушаалтны шаардлагагүйгээр шууд илгээдгээрээ онцлогтой аж.
Энэ систем нь ихэвчлэн нийт хүн амын 80-аас дээш хувьд хүрч чаддаг бөгөөд интернетээ унтраасан байсан ч зурвас очдог байна. Харин хуучны утастай болон ямар нэгэн байдлаар үүрэн нэвтрүүлэх горим идэвхгүй болсон тохиолдолд зурвас очихгүй байх магадлалтай ажээ.
Үүрэн холбооны операторуудын тусламж авахгүй байх хоёр дахь сонголт бол SMS байршилд суурилсан зурвас юм.
Үүний тусламжтайгаар Засгийн газрууд газрын зураг дээр тодорхой хэсгийг сонгож, тухайн бүсэд идэвхтэй байгаа бүх гар утасны дугаар руу зурвас илгээх боломжтой аж. Энэ систем нь үүрэн нэвтрүүлгийн сүлжээ шиг зурвасыг түргэн хугацаанд илгээдэггүй ч, давуу тал нь Засгийн газрууд хүмүүст тусламж, зөвлөгөө хэрэгтэй байгаа эсэх болон тэдэнд өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг лавлаж болдгоороо онцлогтой юм байна.
Австралийн яаралтай тусламжийн дохиоллын системийг удирдаж байсан Майкл Халловес өмнө нь Австралид уг системийг ашиглах үед зурвас тухайн бүс дэх хүмүүсийн 97%-д нь амжилттай илгээгдэж байжээ.
Тэрээр хэлэхдээ “Энэ зорилгоор ашиглагдсан утасны дугаарын эздийн хувийн мэдээлэл харагддаггүй бөгөөд энэ нь тахал зэрэг онцгой нөхцөл байдлын үед иргэдийн мэдээллийг хамгаалах GDPR хуулиар зохицуулагддаг” гэжээ.
Энэ мэтчилэн Их Британи улс үүрэн холбооны операторуудын тусламжтайгаар, Өмнөд Солонгос, Америк улс үүрэн нэвтрүүлгийн үйчилгээний аргаар, Австрали улс SMS байршилд суурилсан аргаар тус тус иргэддээ сэрэмжлүүлэг мессеж хүргэж байна.
Харин манай улсын хувьд өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн, Их Британи улстай адилаар үүрэн холбооны дөрвөн оператор компаниараа дамжуулан иргэдэд өдөрт 1-2 удаагийн давтамжтай сэрэмжлүүлэх мессежийг хүргэж байна. Ингэхдээ оператор компаниуд өөрсдийн зүгээс үнэ төлбөргүй илгээж байгаа бөгөөд мобиком корпорацийн хувьд л гэхэд өнөөдрийг хүртэл 54 сая мессеж илгээгээд байгаа аж.
Дэвсгэр мэдээлэл: 2018 онд батлагдсан Европын холбооны удирдамжаар 2022 оны зургадугаар сар гэхэд холбооны бүх гишүүн орнууд орон нутгийн онцгой байдлын үед тодорхой нутаг дэвсгэрт байгаа иргэд болон зочдод анхааруулга илгээх боломжтой гар утасны дохиоллын системтэй болох ёстой гэж заасан байдаг.
Эх сурвалж: CNN
Х.Үүрийнтуяа