Монголын археологийн судлагааны тулгын чулууг тавилцсан нэрт эрдэмтэн , археологич, академич Доржхандын Доржийн "Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл" номын нээлт өнөөдөр ШУА-д болов. ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс санаачлан нэрт эрдэмтний бүтээлийг “Монгол судлалын үндэсний зөвлөл”-ийн дэмжлэгтэй, хоёр ботиор эмхэтгэн хэвлүүлсэн байна.
Эмхэтгэлийн тэргүүн ботид Монголын чулуун зэвсгийн үе, хадны зураг, эртний иргэншлийн түүхийн асуудлаар бичсэн эрдэм шинжилгээний 30 гаруй өгүүлэл, илтгэлийг нэгтгэн оруулжээ. Хоёр дахь ботид “Неолит Восточной Монголии” (УБ.,1971); “Петроглифы Монголии” (УБ.,1975); Монголын палеолит (УБ.,1978); “Каменный век Монголии” докторын зэрэг хамгаалсан бүтээлийн хураангуй (Новосибирск, 1990) зэрэг бүтээлийг нь багтаасан байна.
Академич Д.Дорж хуучнаар ЗСБНХУ-д археологийн мэргэжил эзэмшсэн Монголын хоёр дахь мэргэжилтэн юм. Тэрээр Монголын хүй нэгдлийн үеийн археологийн дурсгалууд, тэр дундаа Монголын чулуун зэвсгийн үе, хадны зургийн чиглэлээр дагнан судалгаа явуулж анхны нэгэн сэдэвт судалгааны бүтээл туурвиж, олон тооны өгүүлэл, илтгэл бичсэн нь одоо ч эрдэм шинжилгээний үнэ цэнээ алдалгүй, судалгаа шинжилгээний үндэс суурь болсоор байна.