Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, түүний хэргийг прокурорт буцаасан. Тодруулбал, шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаасан байна.
Харин хурлын дараа түүний өмгөөлөгч Л.Данзанноров "Н.Түвшинбаяр хохирлоо төлж байгаа. Нийт гурван тэрбум төгрөгийн хохирлыг төлсөн. Цаашдаа ч төлнө. Төлөх ёстой. Мөн маш их гэмшиж байгаа. Хэргийг нэмэлт мөрдөн хийхээр прокурорт буцсан. Гэм буруутай эсэхтэй маргахгүй. Хохирогчийн эрүүл мэнд чухал" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Харин Э.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг "Нэг ч төгрөг миний данс руу ороогүй юм шүү. Гуравхан тэрбумаар бүү ханийг минь үнэл.
Яаж биднийг зовоож туйлдуулж хагас дутуу өглөө дөө. Ер нь гэмт хэрэгтэнг ямар хүн өмгөөлж хамгаалдаг байнаа" гэлээ.
Тодруулбал, Н.Түвшинбаярын төлсөн 3 тэрбум төгрөг нь шууд БНСУ-ын эмнэлгийн данс руу орсон бөгөөд эмчилгээний зардлын үлдэгдэл 400 сая төгрөгийг Э.Энхбат начны ар гэрийнхэн төлсөн гэж Э.Энхбатын өмгөөлөгч О.Санчирбал мэдэгджээ.