Одоогоос 17 жилийн өмнө буюу 2008 оны 8-р сарын 14-ний өдөр “Бээжин-2008” зуны XXIX олимпын наадмын жүдо бөхийн төрөлд -100 кг-ын жинд Булган аймгийн Сайхан сумын харьяат Найдангийн Түвшинбаяр 24 насандаа аваргалж, Монгол Улсын түүхэнд олимпын АНХНЫ алтан медалийг авчирч байсан билээ.
Мөн тэрбээр "Лондон-2012" зуны XXX олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан юм. Монголын төрөөс түүний бахдам амжилтыг өндрөөр үнэлэн, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цол, тэмдгээр шагнаж байсан. Түүнчлэн 2017 онд Төрийн тэргүүн зэргийн Чингис хаан одонгоор шагнасан байдаг.