Өнгөрсөн долоо хоногт төв талбайд байршуулсан чулуун баримлуудтай холбоотой санал, шүүмжлэл олон нийтийн дунд хүчтэй өрнөсөн. Иргэдийн зүгээс Сүхбаатарын талбайд хагархай, эвдэрсэн баримлууд байршуулж, хотын иргэдийг дорд үзлээ гэх мэтээр өөрсдийн байр сууриа илэрхийлж байсан юм.
Гэвч эдгээр баримал нь "Ub art festival 2021"-т оролцсон шилдэг бүтээлүүд аж. Тэгвэл тухайн баримлуудын талаар МУСТА, уран барималч Б.Говьсайхантай ярилцлаа.
-"Ub art festival 2021"-т хэрхэн оролцсон бэ?
-"Ub art festival 2021" нь Соёлын яамнаас хэрэгжүүлсэн "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд зохион байгуулагдсан. Олон улсад энэ төрлийн тэмцээн уралдаан харьцангуй олон болдог. Манай улсын хувьд энэ жил анх удаагаа зохион байгуулагдсан. Фестивалиар манай улсад чулуун баримлын урлаг ямар төвшинд хөгжиж, ямар уран бүтээлчид байдгийг ард түмэндээ харуулах зорилготой байсан.
-Тус фестивальд хэчнээн уран бүтээлч оролцсон бэ?
-Чөлөөт сэдвийн хүрээнд нийт 12 уран бүтээлч оролцсон. Шалгаруулалтын хугацаа дууссан хэдий ч одоогоор ямар нэг дүн гаргаагүй байгаа.
-Фестивальд оролцсон бүтээлээрээ юуг илэрхийлэхийг зорьсон бэ. Бүтээлийнхээ талаар ярихгүй юу?
-Фестивальд оролцсон бүтээлээ "Нутгийн үнэр" хэмээн нэрлэсэн. Хөдөөний цэнгэг агаарт аргал түүж буй хөрслөг бор охины дүрийг чулуугаар дүрсэлсэн. Байгалийн болоод аргалын утаа үнэртсэн сайхан мөн чанарыг хөдөө нутгийн охины бие галбир, царайны төрхөөр нь гаргахыг хичээсэн. Мөн зарим хүүхэд, залуус "араг" гэж юу болохыг мэддэггүй. Тиймээс аж ахуй, амьдралын хувьд ч үүнийг харуулахыг зорьсон.
-Чулуун баримлын симпозиум гэж юуг хэлж байна вэ?
-Чулууны симпозиум гэдэг нь уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ хийж ард түмэндээ толилуулж, урлаг соёлыг түгээж буй хэлбэр юм.
-Таны бүтээлтэй холбоотой ташаа ойлголт олны дунд байх шиг. Хагархай байгаа нь ямар шалтгаантай вэ?
-Орчин үед техник, технологи өндөр хөгжиж энэ хэрээр компьютерээр чулуун бүтээлийг засаж янзлан өөгүй харагдуулах болсон. Хүмүүс тийм бүтээл харж дасал болсон учраас бодит байгалийн чулуун бүтээлийн зарим онцлогийг мэдэхгүй байх шиг байна. Сүхбаатарын талбайд тавьсан "Нутгийн үнэр" бүтээлийн хувьд хагарсан зүйл байхгүй. Зориудаар байгалийн чулууных нь өнгөн төрхийг хэвээр үлдээн хийсэн. Тийм ч учраас аргал түүдэг саврын доод хэсэгт хагарсан мэт харагдаж байгаа юм.
Зарим тохиолдолд чулуун баримал хийж байгаад зориуд чулууны хагархай хэсгийг үлдээдэг. Энэ нь өөрөө урлагийн бүтээл юм. Хагархай хэвээр үлдээсэн нь байгалийн чулуугаар хийсэн гэдгийг харуулах нэг илрэл ч болдог. Түүнээс биш тухайн хагархай хэсгийг цэвэрлэж янзлах боломжтой. Дэлхийн чулуун барималчид мөн ялгаагүй зарим тохиолдолд бүтээлийнхээ тодорхой хэсгийг хагархай үлдээдэг. Хэтэрхий цэвэрлээд гүйцэтгээд явчихлаар шаазан баримал мэт харагдах тохиолдол байдаг.
-Уг бүтээлээ урлахад хэр хэмжээний хугацаа зарцуулсан бэ?
-14 хоногийн хугацаа зарцуулсан. Гэхдээ энэ хугацаанд чулуун баримал хийж дуусгах боломжгүй. "Нутгийн үнэр" бүтээлийг 20 гаруй хоногийн хугацаанд хийж дуусгасан. Чулуу маш ихээр тоосонцортдог учир битүү амны хаалт зүүгээд л хийдэг. Ямар нэг санхүүжилт байдаггүй. Уран бүтээлчид өөрсдийн сайн дураар нэгдэн симпозиумаа зохиож, төв талбайдаа байршуулсан. Хичээл зүтгэл гаргаж хийсэн бүтээлийг маань хүмүүс үзчихээд буруугаар ярьж байгаа нь таагүй санагдсан.
-Ярилцсанд баярлалаа.