Түлхүүр мэдээлэл:
- БНХАУ-д Ковид-19-ийн дотоодын халдвар буурсан ч, гаднаас импортлогдон орж ирэх тохиолдол нэмэгдсэнээр сэргээж байсан үйлчилгээний газруудын үйл ажиллагааг дахин зогсоолоо. Энэ нь эдийн засгийг ч мөн царцанги байдалд оруулаад байна.
- Ковид-19 тахал дэлхий дахинд тархаж, улс орнууд зөвхөн халдварыг тогтоон барихад бүх анхаарлаа хандуулах болсноор Хятадын экспорт огцом буурчээ.
- Коронавирусний хоёр дахь давалгаагаар Хятадын экспортын салбарын 18 сая ажлын байр устах эрсдэлд орсон байна.
Саяхан Хятад улс Ковид-19 халдварын тархалтыг хяналтдаа авсан хэмээн үзэж, үзвэр үйлчилгээ, аялал жуулчлалын газруудаа хэсэгчлэн нээж эхлээд байсан билээ. Тэгвэл сүүлийн үед тус улсад гаднаас импортлогдох халдварын тохиолдол нэмэгдсэн тул уг вирусний хоёрдахь давалгаанаас сэргийлж, үзвэр үйлчилгээний газруудыг нээх зарим арга хэмжээг цуцлаад байна.
Тухайлбал, дотоодын гоц халдварыг хяналтандаа авсны дараа буюу энэ сарын эхээр Хятад улсад үйл ажиллагаа явуулдаг 600 гаруй кино театр, аялал жуулчлалын газрууд болон ресторануудын талыг нь нээгээд байсан билээ. Гэвч харамсалтай нь өнгөрсөн баасан гаригт гэнэт шийдвэрээ өөрчилж,
-
Үндэсний Кино Товчоо бүх кино театруудыг дахин хаалгаа барихыг үүрэг болгосон байна.
-
Мөн Шанхай хотын захиргаа амралтын өдрүүдэд Дорно дахины сувдан цамхаг, Шанхайн далайн аквариум зэрэг хэд хэдэн алдартай аялал жуулчлалын газруудыг хаах тушаал гаргажээ.
-
Сичуань мужийн захиргаа л гэхэд орон нутгийн баар, караоке, интернет кафе болон бусад зугаа цэнгээний газруудыг нээснээс ердөө гуравхан хоногийн дараа дахин хаах шийдвэрт хүрсэн байна.
Хятад улсад энэ мэт хорио цээрийн дэглэмээс үүдэн олон арван сая ажлын байр эрсдэлд ороод байгаа аж. Тухайлбал, Номурагийн ахлах эдийн засагч Лу Тинг ирэх хоёр улиралд экспортын түвшин 30% хувиар буурах эрсдэлтэй байгаа бөгөөд энэ нь экспортын чиглэлийн 60 сая ажиллах хүчний 18 сая ажлын байр алдагдахад хүргэж болзошгүй гэсэн судалгаа гаргасан байна.
Энэ бүхний гол үндэс бол нэгдүгээрт, анх Ковид-19 халдвар дэгдэх үед Хятад өөрсдийн эдийн засгийн томоохон хэсэгт хориг тависан. Хоёрдугаарт, үүнээс 2 сарын дараа коронавируст халдвар дэлхий даяар тархаж, гадны улсууд тархалтыг хязгаарлахад бүх анхаарлаа төвлөрүүлснээр Хятадын экспортын бараа бүтээгдэхүүний эрэлт огцом буурсан юм.
Ийнхүү коронавирусний хоёр дахь давалгаа дотоод болон гадаад худалдаанд том цохилт өгөх эрсдэлтэй байгаа тул Хятад улсын эдийн засаг сэргэхээсээ өмнө улам доройтож, унах магадлалтай гэж шинжээчид үзсэн байна.
Хятад улсын дарга Ши Жинпин даваа гарагт Бээжинд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ:
“Ковид-19 өвчин олон улсад тархах тусам манай улсын гадаад худалдааны байдал улам доройтох хандлагатай байна” гэжээ.
Үүний нэг жишээ нь, коронавирусний дэгдэлтийн эхэн үед Хятад улс томоохон үйлдвэрүүдээ хаасан шиг өдгөө АНУ болон Европ даяар автомашин үйлдвэрлэдэг компаниуд үйлдвэрүүдээ хааж эхэлсэн. Ингэснээр тухайн үйлдвэрүүд рүү түүхий эд нийлүүлэх Хятадын экспорт ч зогсож байгаа юм. Тиймээс Хятадын олон автомашины компаниуд эрэлт хангалтгүйгээс үйлдвэрлэл буурч болзошгүй байгааг анхааруулсан байна.
Энэ оны эхний хоёр сарын байдлаар Хятадын экспортын хэмжээ ам.долларын ханшаар 17.2 хувиар буурсан нь эдийн засаг доройтох аюултай байгааг нотолжээ.
Энэ нь одоо ч Хятадын олон үйлчилгээний салбаруудыг виртуал зогсонги байдалд оруулж, хэдэн арван сая ажлын байрыг эгнээндээ нэгтгээд байна.
Сүүлийн нэг сарын хугацаанд Ковид-19 халдвар дэлхий даяар тархаж, харин халдварын анхны голомт болох БНХАУ-д нөхцөл байдал сайжраад байсан. Дэлхийн улс орнууд гадны нислэгүүдээ зогсоож, дотооддоо хөл хорио тогтоохтой зэрэгцэн БНХАУ үзвэр үйлчилгээ, худалдааны төвүүдээ нээж, хотын хөл хөдөлгөөн ч сэргэж эхэлсэн. Гэсэн ч дэлхий дахинд хурцдаад буй нөхцөл байдал Хятадад ийнхүү нөлөөлсөн нь хэдий дотоодын халдвар буурсан ч эдийн засаг нь сэргэх болоогүйг харуулсан байна.
Эх сурвалж: SCMP