"Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аян"-ы хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай ярилцлаа.
-Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян хэдий хугацаанд болж өндөрлөв. Хэр үр дүнтэй байв?
-Жил бүр дэлхийн 180 гаруй оронд Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх өдрийг тэмдэглэдэг. Арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ныг хүртэл 16 хоногийн хугацаанд үргэлжилдэг. Монгол Улс энэхүү аяныг 30 дахь удаагаа тэмдэглэж байна. Энэхүү 16 хоногийн аяныг олон байгууллагууд хамтарч хийдэг. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Жендерийн үндэсний хороо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг байгууллагууд НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсанаас хойш цагдаагийн байгууллага энэхүү аянд голлох үүрэгтэйгээр мэдээллүүдийг түгээх ажлуудад бусад байгууллагуудтай хамтарч ажилласаар ирсэн.
-Энэхүү аяны зорилго нь мэдээж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших байх. Түүнээс гадна ямар зорилго агуулж байна вэ?
-Жил бүрийн аянууд тодорхой нэгэн уриан дор зохион байгуулагддаг. Түрүү жил "Яг одоо" гэсэн уриатайгаар яг одоо ажлын байр, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооё гэсэн ухагдахуунаар аянаа зохион байгуулж байсан бол энэ жил "Эрчүүд өөрсдөө манлайлъя, өөрөөрөө үлгэрлэе" гэсэн уриатай зохион байгуулсан. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын ихэнх нь эмэгтэйчүүд байдаг учраас энэхүү уриаг дэвшүүлсэн. Эрэгтэй хүмүүс гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчдэг байх чиглэлээр зохион байгуулсан. Гэхдээ энэ нь зөвхөн эмэгтэй хүн л гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн үг биш. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа хохирогчдын 85 хувь орчим нь эмэгтэйчүүд, 5-6 хувь нь эрэгтэйчүүд, үлдсэн хувь нь хүүхдүүд байдаг. Тиймээс энэ бол зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах аян биш юм. Гэр бүлийн хүчирхийлэл хаалттай хаалганы цаана болдог учраас түүнийг илрүүлэх, иргэдийн мэдлэгийг өргөжүүлэх зорилготой.
-Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл сүүлийн жилүүдийн хугацаанд хэр их бүртгэгдсэн бэ?
-Он гарсаар улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 35.700 гаруй гомдол мэдээлэл ирсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ бол нийт ирсэн дуудлагын тоо болон иргэдийн зүгээс бичгээр ирсэн өргөдлүүдийн нийлбэр тоо. Гэр бүлийн хүчирхийллийн 1305 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 25 хувиар өссөн үзүүлэлт. Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 8644 бүртгэгдсэн нь өмнөх оноос 16 хувиар өссөн байгаа юм.
-Энэ төрлийн дуудлага, зөрчил, гэмт хэрэг өсөж байгаагийн шалтгааныг юунаас үүдэлтэй гэж үзэж байна вэ?
-Үүний шалтгааныг хэд хэдэн хүчин зүйлээс улбаатай гэж үзэж байна. Нэгдүгээрт, ковидын үеийн хөл хориотой шууд хамааралтай. Олон улсад ч мөн адил ковидын үед гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна. Хаалттай хаалганы цаана хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлийн хохирогч хоёр нэг орчинд гэрчийн мэдээлэл өгөх боломж хязгаарлагдмал байсан. Нөгөө талаараа иргэдэд өгч буй мэдлэг мэдээллийн ачаар иргэдийн мэдээлэх үүрэг нэмэгдсэн. Хөршийн өгч буй дуудлагын тоо өсөж байгаа нь иргэдийн энэ талын мэдлэг, мэдээлэл тодорхой хэмжээнд нэмэгдсэнийг харуулж байна. Иргэдийн эрх зүйн мэдлэг сайжирч байгаа нь сайн хэрэг.
-Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлж байгаа хөрш айлын хэн нэгнийг хамгаалах эрх зүйн орчныг хуулиар бүрдүүлсэн нь сайшаалтай. Дуудлага өгч буй тухайн хүнийг гэмт этгээдээс нууцалдаг болсон нь томоохон дэвшил гэж харж байна?
-Тийм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулахаас өмнө дуудлага өгсөн хөндлөнгийн хүний мэдээллийг хүчирхийлэл үйлдэгч баривчлагдах үедээ хэргийн материалыг уншаад мэдчихдэг байсан. Тэгвэл зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулснаас хойш гэр бүлийн хүчирхийллийн зөрчил болон хүүхдийн эрхийг зөрчих зөрчлүүдэд зөрчил үйлдсэн этгээдэд эсвэл түүний өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулахдаа хөндлөнгөөс мэдээлэл өгсөн хүний хувийн мэдээлэл болон өгсөн мэдүүлгийг нууцалдаг болсон. Ингэснээрээ мэдээлэгчийн аюулгүй байдал бүрэн утгаараа хангагдаж байгаа юм.
-Бусад хүчин зүйлээс болж дуудлага өгөхөөс зайлсхийх тохиолдлууд байдаг байх?
-Өөр нэг асуудал байдаг нь хэн нэгэн хүчирхийллийн хохирогчийг өмгөөлөх гэтэл нөгөө хүчирхийлэлд өртөж байсан хүн өөрийг нь зодож байсан хүнээ өмөөрөөд, "Бидний асуудалд чамд хамаагүй" гэх хандлагаар харьцдаг тохиолдол бий. Тиймээс "Эр эмийн хооронд илжиг бүү жороол" гэдгийн адилаар тэдний хэрэгт бүү оролц гэх мэт агуулга бүхий цахим постуудыг өөрсдийн хаягаараа дамжуулан бичих иргэд цөөнгүй байна. Гэтэл гэр бүлийн хүчирхийллийн хохирогч урт удаан хугацаанд хүчирхийлэлд өртөөд эхлэхээрээ айдастай болдог. Стоколмын синдром буюу сэтгэлзүйн хувьд гэмтээд, энгийнээр тайлбарлахад хүчирхийлэх тусам нь улам хайрладаг болчихдог. Өөрөө хүчирхийлүүлж байгаа эсэхээ ялгахаа байдаг. Нөгөө талаараа "Би энэ хүнийг улам их хайрлавал намайг хоёр биш нэг л удаа зодох байх. Хүүхдийн минь дэргэд хүчирхийлэхгүй байх" гэсэн бодолтой болдог. Ийм байдлаасаа болоод байнгын хүчирхийлэл үйлдэгчийг өмөөрдөг, зөвтгөдөг хандлагатай болсон байдаг. Тиймээс хүчирхийлэлд өртөгчийн энэхүү онцлогийг маш сайн ойлгох хэрэгтэй. Үүнээс үзэхэд "Бүү мэдээлэл өг" гэдэг нь цаанаа маш том хор уршигтай. Хэн нэгний бичсэн тэрхүү постноос болж хичнээн айлын эхнэр, нөхөр, хүүхэд дахин дахин хохирсоор хаалттай хаалганы цаана уйлаад сууж байгааг мэдэхгүй.
-Хүчирхийллийн эсрэг явуулж буй арга хэмжээнд хэвлэл мэдээллийнхэн ямар үүрэгтэй оролцох хэрэгтэй вэ?
-Олон нийтийн сүлжээгээр олны танил хүмүүсийн хүчирхийллийн мэдээллийг мэдээллээд байдаг. Энэ нь нэг талаасаа хүчирхийллийг сурталчилж байгаа хэлбэр юм. Хэвлэл мэдээллийн байгууллагууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийг сурталчлахгүй байх үүрэг хүлээдэг. Иймэрхүү зураг, бичлэг, мэдээллийг түгээснээрээ нэг талаараа хүмүүст сэдэл өгөөд байдаг. Нөгөө талаараа хүмүүсийг хүчирхийлэлд дасгаж байгаа хэлбэр болчих гээд байдаг. Хүмүүс хэд хэдэн удаагийн энэ мэт мэдээллийг үзэхээрээ байдал л зүйл гэж ойлгох эрсдэлтэй. Тиймээс энэ нь цаанаа маш том хор уршигтай.
-Ярилцсанд баярлалаа.