Соёлын дэд сайд М.Батбаяр өнөөдөр Гадаад харилцааны яаманд Монгол Улсыг төлөөлөн гадаад улсад суухаар томилогдсон Элчин сайд нартай уулзалт хийлээ.
Элчин сайд нь албан ёсоор өөрийн улсын эрх ашгийг хамгаалж, суугаа оронтой улс төр, худалдаа, эдийн засаг, соёл зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үүрэг хүлээдэг тул Соёлын дэд сайд М.Батбаяр Монгол Улсын соёлын салбарын бодлого, хамтын ажиллагааны талаар нэгдсэн мэдээллийг Элчин сайд нарт өгсөн юм.
Мөн соёлын салбарт гарч байгаа хууль эрх зүйн шинэчлэлүүд нь соёлын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Тухайлбал, Соёлын тухай хууль батлагдсанаар хүн төрөлхтний соёлын ололтоос суралцах, үндэсний соёлын дархлааг нэмэгдүүлэх зэрэг орчин цагийн соёлын харилцааг зохицуулах боломжтой болсон. Харин Монгол Улс анх удаа Кино урлагийг дэмжих тухай хуультай болсноор гадаад уран бүтээлчид Монгол Улсад хялбаршуулсан “К4” визээр нэвтэрч, татварын хөнгөлөлт эдлэх зэргээр кино, бүтээлээр дамжуулан Монгол Улсыг гадаадад сурталчлах хөшүүрэг бий болсон гэх мэт онцлох өөрчлөлтүүдийг танилцуулав.