МАН-ын 30 дахь их хурал үргэлжилж байна. "Хөгжил дэвшлийг манлайлагч нам" илтгэлийг МАН-ын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан таницууллаа.
Тэрбээр "Миний бие өмнөх их хурлаас байгуулагдсан бага хурлын анхдугаар хуралдаанаас Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдож, мянга мянган гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг алдахгүйг хичээж, зүтгэж ажиллалаа. Энэ дөрвөн жил улс төрийн үйл явц арвин, өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүлсэн цаг хугацаа байлаа.
Бид сонгогчдынхоо итгэлийг үүрэг хариуцлага хэмээн үзэж, амласан мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхээр зүтгэж байна. Сонгуульд дараалан ялалт байгуулсан улс төрийн хүчний хувьд бид улс орноо хөгжүүлэх үйлсийг эрхэм болгож, өнөө болон ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралын төлөө нэгэн зүгт харж ажиллах болно. Энэ ташрамд нэгдэн нийлсэн намын гишүүд маань үүх түүх, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж, дотоод эв нэгдлээ ханган их үйлсийн төлөө хамтдаа зүтгэх ёстой гэдгийг онцлон хэлье.
МАН-ын үнэт зүйл, бодлогыг дэмжиж гишүүнээр элсэх иргэдийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсээр байгаагийн дунд залуу үеийн төлөөлөл гишүүнээр элсэх нь илтэд нэмэгдэж байна. Өнөөдөр намын гишүүдийн 78.1 хувь нь залуу болон дунд насны иргэд байна" гэв.