МАН-ын 30 дахь их хурал өнөөдөр хуралдаж байна. Хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Цахилгааны хувьд нийт хэрэгцээнийхээ 16 хувь хоцорч байгаа. Өөрөөр хэлбэл, өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ хангах нь бүү хэл өнөөдөр байгаа хэрэгцээгээ гүйцэж чадахгүй эрчим хүчний нөөцийн дутагдалд орсон байна. Тухайлбал, манай улсад томоохон бүтээмж агуулсан аж үйлдвэрүүдийг байгуулах бололцоотой боловч цахилгаан эрчим хүчээр хангах боломж байхгүй болчхоод байгаа юм. Тиймээс цахилгаан эрчим хүчний асуудал нь томоохон хязгаарлагч хүчин зүйл болж байна.
Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого чухал байна. Өөрөөр хэлбэл, манай экспортын бүтээгдэхүүний 90 хувийг түүхийгээр нь гаргадаг. Ямар нэгэн өртөг шингээгүй байдлаар маш олон боломжоо алдаж байгаа. Тиймээс зэсийн баяжмалын, нүүрс боловсруулах үйлдвэрүүдээс гадна Дархан хотод байгуулагдаж буй арьс ширний цогцолбор зэрэг улсынхаа гаргаж чадах эдийн засгийн бүхий л потенциалаа өртөг шингэсэн, аж үйлдвэржсэн, технологи шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргадаг улс болъё гэж нэг хязаагрлагч хүчин зүйлээ харж байгаа. Түүхий эдээ биет хэмжээгээр нь нэмэх бус түүхий эддээ дахин боловсруулалт хийж өртөг шингээж, хилийн цаана олон улсын бирж дээр экспортлох нь эдийн засагт чухал өсөлт авч ирнэ.
Ирэх зуун жилд эдийн засгийн тусгаар тогтнолын зуун байх болно. Үүний бодлогы эхлэлийг МАН-ын 30 дугаар их хурлаар тунхаглаж байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн тусгаар тогтнол бол улс орон бүр өөр өөрөөр тодорхойлж байгаа. Хамгийн гол нь, нийгмийн бүтэц тэр дундаа хүчирхэг нийгмийн дундаж давхаргад суурилсан төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, хөрш орнуудын гадаад бодлого тогтвортой, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг шингээсэн бүтэцтэй улс болъё. Үүнийг эдийн засгийн тусгаар тогтнолын гол агуулга юм" гэв.