Үндсэн хуулиар олгогдсон заяамал эрх хэмээх бэлгэ тэмдэг төдийхөн дээр тогтох Монгол хүний амь. Би, чи хэн ч болов хүн болж төрснийхөө хувьд амьд явах эрхтэй. Иргэд нь гэнэтийн осол аваар, гэмт хэрэг, эрүүл аюулгүй орчны эсрэг үйл ажиллагааны дүнд хохирогч болоод дуусдаг улсад эрх гэдэг үгийг амнаасаа унагаад ч нэмэргүй бололтой. Хатуухан хэлэхэд, өглөө гараад орой гэртээ орж ирнэ гэх баталгаа бидэнд үлдсэнгүй. Хэзээ, хаанаас ямар эрсдэлд өртчих бол гэх айдас л байна.
Хэн бидний тэр тусмаа хүүхэд, багачуудын маань амь насанд заналхийлээд байгаа юм бэ. Асуудлыг шалтгааныг "агаар дээгүүр" хараад байдаг хүмүүсийг ойлгоход бэрх. Угтаа бол, зориулалтын бус тоглоомын талбай, жилийн дөрвөн улирлын хэзээд ч асуудал дагуулдаг зам талбай, хариуцлага яриад ч халширдаггүй хэнэггүй жолооч нар л гэхэд хамгийн наад захын жишээ.
Өчигдөр л гэхэд ээжийнхээ гараас хөтлөөд явган хүний замаар алхаж явсан таван настай хүү хэнэггүй жолоочийн балгаар амиа алдлаа. Арван сар тээж төрүүлж, хүн болгож бойжуулсан үрээ нүдэн дээрээ алдсан ээжийг бодоход ч өр өвтгөм. Энэ л асуудал. Цаг бусаар амиа алдсан хүүгийн амийг дан ганц жолоочоос л нэхэх үү. Чухамдаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг амаараа цохон тэмдэглэдэг ч түүний хэрэгжилт, дагалдах асуудлуудад анхаарлаа хандуулалгүй ирсэн дарга нараас нэхье. Яагаад улсын дугааргүй хөдөлгөөнд оролцож тэр бүү хэл тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй яваа юм. "Яав л гэж" гэх үгийг согтуудаа ч, эрүүл үедээ ч амнаасаа унагадаг хэнэггүй жолооч нарын балгаар он гарсаар нэг анги дүүргэх хэмжээний хүүхэд амиа алдчихаад байна. Тэр байтугай, эцэг, эхчүүд ч өөрсдөө анзааралгүйгээр үр хүүхдийнхээ амьд явах эрхэд аюул учруулж байдаг.
Цар тахлын улмаас бага насны хүүхэд амиа алдсан тохиолдол гарын таван хуруунд ч хүрэхгүй. Гэтэл цар тахлаар бус золгүй тохиолдлоор амь насаа алдсан хүүхэд, багачуудын тоо түүнийг хэд дахин нугалах хэмжээнд. Тэгвэл хариуцлагагүй, бусдын амьд явах эрхэд заналхийлээд байгаа, зам тээврийн осол удаа дараа гаргаад байгаа жолооч нараа яах вэ. Хариуцлагаа чангатгах бодлого хэрэгтэй гэж хэлсээр байтал дараагийн харамсалтай жишээ нь давтагддаг. Түүнийг нь сонсоод нийгэм даяараа шуугиад өнгөрөхөөс хэтрэхгүй байгаа нь харамсалтай.