Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог насны залуусын III тунгийн хамрагдалт бага байна“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
6 минут 42 секунд

Манай улс коронавируст халдварын хамгийн хүнд буюу дельта хувилбарын цаг үеийг туулж байна. Халдварын улмаас хүн амын дунд дэгдэлтийн түвшин ихсэж, эрүүл мэндийн салбарын ачаалал туйлдаа хүрсэн нөхцөл байдалд ч орсон үе саяхан. Гэвч халдварын тархалт өндөр үетэй зэрэгцэн хүн амаа гуравдугаар тунд хамруулж эхэлсэн нь тохиолдлын тоо, хүндрэх эрсдлийг бууруулж байгааг албаныхан мэдээлж байна. Хүн амын 50 хувь нь гурав дахь тунд хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг цуцалж, шар бүс рүү шилжинэ гэж Засгийн газраас мэдэгдээд байна. Засгийн газар, Эрүүл мэндийн яам гээд аль аль талаасаа хүн амаа нэмэлт тунд хамрагдуулахын тулд үйлээ үзэж, үс гэзгээ зулгаах нь холгүй байна гэх хүмүүс ч цөөнгүй. Мөн чанартаа, шинэ жил, цагаан сар хэмээн ярьж байгаа боловч үүний цаана нэг өдрийн өмнө ч гэсэн эрсдлээ багасгах арга хэмжээг авахад иргэн бүрийн оролцоо чухал болохыг сануулсаар байгаа хэрэг.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 27.3 хувьд хүрчээ. Тэгвэл нэмэлт тунгийн дархлаажуулалт, хариу урвал, хууль эрх зүйн орчин зэргийн талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дараах мэдээллийг танилцуулсан юм.

“Нийгмийн харилцаанд хамгийн их оролцож, ажил хөдөлмөр эрхэлдэг насны залуусын III тунгийн хамрагдалт хамгийн сул байна”

Нэг болон хоёрдугаар тунгийн дархлаажуулалтын явцад хүн амын дунд хамгийн идэвхтэй хамрагдаж буй насны бүлэг нь 50-аас дээш насныхан байсан. Нэмэлт тунгийн дархлаажуулалтын үед ч энэ байдал давтагдаж байгаа талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэлж байв. Товчхондоо, залуусын идэвх сул байна.

“18-аас дээш насны иргэдийг дархлаа сэргээх тунд хамруулах сайдын тушаал гарсан. Хоёр тундаа хамрагдсанаас хойш гурван сарын хугацаа өнгөрч буй иргэдийг нэмэлт тунд хамруулах арга хэмжээг эхлүүлсэн. Вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 3 болон түүнээс дээш сар өнгөрөхөд вакцинаар үүсгэгдсэн өвөрмөц дархлааны түвшин тодорхой хувиар буурч байна гэх судалгааны дүнд үндэслэж сайдын тушаал гарсан. Энд анхаарал татаж байгаа нэг зүйл байгаа юм. Улсын хэмжээнд гурав дахь тунд хамрагдвал зохих 1 сая 500 мянган иргэн байгаа. Гэтэл вакцинд хамрагдаагүй байгаа иргэдийг насны бүлгээр авч үзвэл нийгмийн харилцаанд хамгийн идэвхтэй оролцож, ажил хөдөлмөр эрхэлдэг насны залуус хамрагдаагүй байгаа юм. Харин эсрэгээрээ зорилтот бүлэгт багтаж буй 50-аас дээш насны иргэд нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаж байна” гэв.

“I тунгаа хийлгээд 3 сар өнгөрсөн бол вакцины үйлчлэл буурсан гэж үзэж нэг, хоёрдугаар тундаа шинээр хамрагдана”

Улсын хэмжээнд нэмэлт тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсээр буй. Тухайлбал, нэгдүгээр тундаа хамрагдаад 3 сар өнгөрсөн иргэдэд дахин вакцинд хамрагдах талаар мэдээллийг хүргэж эхэлсэн. Энэ талаар тэрбээр "Улсын хэмжээнд нэгдүгээр тунгийн хамрагдалт 86, хоёрдугаар тунгийн хамрагдалт 82 хувьтай байгаа. Гэтэл нэгдүгээр тунгаа хийлгэсэн мөртлөө дараагийн тундаа хамрагдаагүй дөрвөн хувьд багтаж буй иргэдийг дархлаажуулах асуудалд анхаарлаа хандуулж байна. Хоёр дахь тунгаа хийлгээгүй буюу нэгдүгээр тунг хийлгэснээс хойш 90 ба түүнээс дээш хоногийн хугацаа өнгөрсөн бол дараагийн өөр тунгаар бүрэн тунд хамрагдах хэрэгтэй гэх сайдын тушаал гарсан. Тодруулбал, нэгдүгээр тундаа хамрагдаад хоёрдугаар тундаа хамрагдалгүй гурван сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш насны иргэн Синофарм, Файзер вакцинаас сонгон шинээр 1,2 дугаар тундаа хамрагдах юм.

Эдгээр иргэдийг вакцинд анх хамрагдсан байршлаар нь гаргаж, хамрагдаагүй шалтгаан, хэрвээ 90 хоног өнгөрсөн бол вакцинд дахин хэрхэн хамрагдах талаар мэдээллийг өгөх үүднээс утсаар холбоо барьж байгаа” гэлээ.

“Вакцины дараа аннифилаксын хариу урвалын тохиолдол илрээгүй”

Ямар ч вакцинд тун хийлгэх бүрт хариу урвал нь багасаж байдаг. Нэг вакцины дараа өөр шинэ вакцин хийлгэж байгаа тохиолдолд хариу урвал тодорхой хэмжээнд байна. Гэхдээ манай улсад бүртгэгдэж буй хариу урвал нь хэвийн түвшинд байна гэж үзэж байгаа талаар Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдээлж байв. Тэгвэл энэ талаар ямар тандалт, судалгаа байгаа талаар О.Дашпагма "Вакцины дараах хариу урвалын судалгааг хийж байна. III тун буюу аль ч вакцин араас өөр вакцин хольж хийхэд илэрч буй хариу урвал өмнө 2 сая 200 мянган иргэнээ дархлаажуулах үеийнхтэй ижил түвшинд илэрсэн. Синофарм вакцин хийлгэсэн хүмүүсийн 18 хувьд, харин Файзер вакцин хийлгэсэн иргэдийн 40-50 хувьд нь хариу урвал илэрч байна.

Тандалтын судалгаагаар, вакцины дараа толгой өвдөх, тарьсан хэсэгт хавдах, халуурах зэрэг шинж тэмдэг зонхилон илэрсэн. Анафилаксийн төст (бүх биеийг хамарсан арьс, салст бүрхэвчийн шинж тэмдэг, шуугиантай амьсгал, амьсгалын гажуудал, зүрх дэлсэх, цусны даралт буурах) 1-2 тохиолдол илэрч, хариу арга хэмжээг богино хугацаанд авсан. Харин аннифилакс тохиолдол илрээгүй" гэсэн юм.

КОВИД: Нидерландад хөл хориог эсэргүүцэгчид жагсаал хийжээ
КОВИД: Нидерландад хөл хориог эсэргүүцэгчид жагсаал хийжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.