Ковид19-ийн үеийн тусламж үйлчилгээ, бүүстер тун, түүний ач холбогдол болон холбогдох цаг үеийн асуудлаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболдтой ярилцлаа.
-Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн тоо 38.3 хувиар буурсан нь халдварын тархалт багасаж буйтай шууд холбоотой хэмээн албаныхан мэдээлсэн. Тэгвэл халдварын тархалт буурахад нөлөөлсөн хүчин зүйл нь гуравдугаар тун байв уу?
-Өнгөрөгч наймдугаар сарын 16-наас эхлэн манай улс дархлаа сэргээх нэмэлт тунг хийж эхэлсэн. Халдварын гурав дахь давлагааг дельта хувилбараар үүсгэгдсэн хэмээн үзэж байна. Шинжилгээнд эерэг илэрч буй сорьцийн 90 гаруй хувь нь дельта вирус байгаа. Вакцины нэмэлт тунг хийж буйн үр дүнд халдварын тохиолдол өдрөөс өдөрт буурч байна. Үүнтэй холбогдуулан эмнэлэгүүдэд ирж буй ачаалал ч тодорхой хэмжээнд багасаж байгааг хэлэх нь зүй.
Мөн гэрийн ажиглалтад байгаа иргэдийн тоо ч цөөрч байна. Хоёр 7 хоногийн өмнө гэхэд л гэрийн ажиглалтад байгаа өвчтөний тоо 50 мянга давж байсан бол өнөөдрийн байдлаар 20 мянга орчим байгаа. Орны хувьд харьцангуй ачаалал буурсан. Хүнд, хүндэвтэр хэлбэрийн оноштой өвчтөнүүд ор хүлээлгүй эмнэлгийн тусламж авч чадаж байна.
Ор зохицуулах багийг гаргаж, нэмэлт тунгийн дархлаажуулалт эхэлж, тохиолдлын тоо буурч байгаа зэргээс хамаарч эмнэлгийн ачаалал харьцангуй тогтворжиж байгаа юм. Гэхдээ халдварын тохиолдол буурч байгаа боловч өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо хоёрдугаар давлагааны оргил үетэй адил түвшинд байна.
-Энэ сарын 15-наас хойш томоохон эмнэлгүүдийн ковидын тусламж үйлчилгээг буулгаж, үндсэн тусламж үйлчилгээг түлхүү ажиллуулах төлөвлөлтийг хийх гэж байгаа гэсэн. Тус мэдээлэлтэй холбогдуулан ковид19-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ буурч, доголдох вий гэх болгоомжлол ирэдийн дунд байна?
-Ковидын тархалт буурсантай холбогдуулан эмнэлэгт хэвтэх өвчтөнүүдийн тоо буурч байгаа. Иймд зарим эмнэлгүүдэд ковид19-ийн үйлчилгээг буулгаж үндсэн тусламж үйлчилгээ рүү чиглэсэн бодлогыг барьж ажиллахаар болж буй юм. Ковид19-ийн тохиолдол буурах тусам тусламж үндсэн тусламж үйлчилгээ рүү чиглэсэн бодлого, үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ гэсэн үг.
-Дотоодод халдвар бүртгэгдэж, эмч эмнэлгийн ажилчид маш ачаалалтай ажилласан. Гэвч улаан бүс, үндсэн тусламж үйлчилгээнд ажиллаж буй эмч нарын зүгээс цалин хангамж нэмэх шаардлагыг ЭМЯ, Засгийн газарт хүргүүлж, сүүлдээ Төв талбайд жагсаал хүртэл зохион байгуулсан. Гэвч эмч, ажилчдын цалин хөлсний асуудал намжчихаад байгааг харж байна. Яамнаас эмч ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлд ямар арга хэмжээ авч байна?
-Халдварын тархалттай холбогдуулан Сангийн яам, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарч, гэрээр ажиглалтад байгаа иргэдэд 160 мянган төгрөгийн санхүүжилтээр багц олгож байгаа. Үүнд ковид19-ийн оношлуур, эмчилгээний эм тариа болон эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлс урамшууллын асуудал ч шингээд явж байгаа юм. ЭМДС-аас санхүүжилтийг хийж байгаатай холбогдуулан эмнэлгүүд эмч ажилчдын цалинг тодорхой үе шаттайгаар нэмж байна.
"Вакциндаа хамрагдаагүй хүн бүр рүү утсаар холбогдож, нэмэлт тунгийн тов болсон тухай мэдээллийг хүргэж байна"
-Одоогийн байдлаар нэмэлт тунд хамрагдах хугацаа нь болсон 1 сая 500 мянга орчим хүн байгаагаас 400 мянга гаруй нь л хамрагдаад байна. Тэгэхээр гуравдугаар тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэх талаас ажил, арга хэмжээг чанартай хийж чадаж байна уу?
-Гуравдугаар тунгийн хамралт нийт хүн амд 14 орчим хувьтай байна. Тодруулбал, хоёр тунтай иргэдийн 22 хувь нь гэсэн үг. Үлдсэн 80 хувь нь хамрагдаагүй байна. Нэмэлт тундаа хамрагдаагүй иргэд рүү чиглэсэн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.
Тухайлбал, вакциндаа хамрагдаагүй хүн бүр рүү утсаар холбогдож, вакциндаа хамрагдах тов болсон тухай мэдээллийг өгч байна. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дархлаажуулалтын мэдээллийг хүргэж ажиллаж байгаа.
Ингэхдээ гуравдугаар тунгаа хийлгээрэй гэхээс илүүтэй түүний ач холбогдлыг хүргэж тал дээр анхаарч байна.
-Ковидоор өвдөөд эдгэрсэн хүнд урт хугацааны ковидийн 64 төрлийн хам шинж илэрч байгаа талаар салбарын сайд нь мэдээлсэн. Аль эсвэл энэ байдлаас шалтгаалан тусаад эдгэсэн иргэд нэмэлт тунгаа хийлгэхгүй байна уу?
-Коронавируст халдвараар өвдөөд эдгэрсний дараах үлдэц буюу хам шинж илэрч буй иргэн гуравдугаар тунг хийлгэхэд 50 орчим хувиар буурч байна гэх судалгаа байна. Тэгэхээр гуравдугаар тун нь халдварын тархалтыг бууруулах, халдварт өртөх эрсдлээс сэргийлэх, эмнэлэгт хэвтэлтийг багасгах, хүндрэлээс сэргийлэх зэрэг ач холбогдолтойг олон нийт ойлгох хэрэгтэй.
-ЭМЯ-наас PCR-аар баталгаажсан тоог олон нийтэд мэдээлж байгаа гэсэн. Тэгвэл түргэвчилсэн оношлуураар батлагдсан иргэдийг нэгдсэн тоон мэдээлэлд бүртгэж байгаа юу?
-Батлагдсан тохиолдлын үзүүлэлтийн тодорхойлолтод гурван нөхцлийг багтааж байгаа. Нэгдүгээрт, ПГУ буюу PCR шинжилгээнд хамрагдаад эерэг гарсан тохиолдолд батлагдсан гэж үзнэ. Хоёрдугаарт, түргэвчилсэн шинжилгээгээ өгсөн бол эмнэлзүйн хувьд батлагдсан тохиолдол гэж авч үзэж байгаа. Ойрын хавьтал болж шинж тэмдэг илэрсэн хүнийг батлагдсан тохиолдлоор бүртгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Энэ нь үндсэн тоонд орж байгаа.
Эрүүл мэндийн яамны өдөр тутмын мэдээлэлд PCR-аар батлагдсан тохиолдлуудыг мэдээлж байгаа. Бусад батлагдсан гэж үзэж буй тохиолдлуудыг халдварын нийт тохиолдолд бүртгэн явж байна.
"Томуугийн улирал дуустал 2-3 настнуудыг танхимаар хичээллүүлэх шаардлагагүй"
-Саяхан БШУ-ны сайд сурагчдын хоцрогдлыг цахимаар нөхнө гэж байхгүй, танхимд шилжүүлэхээр яамнаас ажлын хэсэг гарсан талаар мэдэгдсэн. Тэгвэл 5/9 зарчмыг зогсоож, танхимаар хичээллүүлэх асуудалд ЭМЯ ямар байр суурьтай байна. Танхимаар хичээллэх нь хэр боломжтой гэж харж байна вэ?
-Эрүүл мэндийн сайд, БШУ-ны сайдын хамтарсан тушаалд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг коронавируст халдварын үед хэрхэн зохион байгуулах тухай тусгасан. 5/9 зарчмыг халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан зохицуулахаар журамлагдсан. Өнөөдрийн халдварын нөхцөл байдалд үнэлгээ хийж улаан, улаан шар байгаа үед 5/9-ийн зарчимаар зохицуулалт хийнэ. Халдварын тархалтын түвшин буурч, шар болон ногоон түвшин рүү ороход танхимаар хичээллэх бүрэн бололцоотой.
3 хүртэлх настнуудыг цэцэрлэгт хамруулах хүсэлтийг салбар яам болон эцэг, эхчүүд нэлээн тавьсан тул эрсдлийн үнэлгээг хийсэн. Томуугийн дэгдэлт идэвхжлийн шатандаа явж байна. Өмнөх долоо хоногуудтай харьцуулахад томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэж байгаа. Тиймээс томуугийн улирал дуустал 2-3 настнуудыг заавал танхимаар хичээллүүлэх шаардлагагүй гэдэг байр суурийг ЭМЯ илэрхийлсэн.
-УОК-оос үзвэр үйлчилгээг үзэх иргэд нэмэлт тунд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлж зааланд орох аль эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгөх сонголтыг хийх шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг хэр зөв арга хэмжээ гэж харж байна?
-Халдварын тархалтын байдлаас шалтгаалан үйлчилгээний байгууллагууд тавигдсан тусгай нөхцөл шаардлагуудыг дагах ёстой. Танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр халдвар хамгааллын дэглэмийн дор үйл ажиллагааг явуулахыг зөвшөөрсөн шүү дээ. Түүнчлэн иргэд байгууллагуудын ажлаа явуулах боломжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагдах нь таны үйлчлүүлж буй байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцлийг нь бүрдүүлнэ гэсэн үг.
Тухайлбал, Израиль улсад гуравдугаар тунтай хүнд л үйлчилнэ хэмээн зохицуулалт хийснээс хойш нэг сарын дотор халдварын тархалт 80 хүртэл хувиар буурсан. Иймд халдварын тархалтыг бууруулах хамгийн чухал зэвсэг нь гуравдугаар тун, амны хаалт юм.
-Шинэ жилийн баяр хаяанд ирсэн байна. Төрийн байгууллагууд тэмдэглэхгүй хэмээн шийдвэрлэсэн хувийн хэвшлийн бүхий л байгууллагууд баярын арга хэмжээгээ хийх нь. Тэгвэл баяр ёслолыг дагаад халдвар хамгаалал тэр тусмаа хүний бөөгнөрөл ихээр үүснэ. Энэ тал дээр ямар зохицуулалт байх ёстой вэ?
-Иргэдийг худалдаа, үйлчилгээний байгууллагаар чөлөөтэй үйлчлүүлэх, ААН байгууллагууд, урлаг, соёлын арга хэмжээг дэмжих үүднээс гуравдугаар тун аль эсвэл шинжилгээ өгөх шийдвэр гаргасан нь маш зөв гэж харж байгаа. Тухайн хүн олон нийтийн газарт үйлчилгээ авах гэж байгаа бол өөрийгөө болон бизнес эрхэлж буй байгууллагаа ч бодолцох ёстой. Хэрвээ хоёрдугаар тундаа хамрагдаагүй бол халдваргүй гэдгийг нотлоход хүндрэлтэй. Тиймээс шинжилгээгээ өгөөд үйлчлүүлэх нь зүйтэй.
"Хурдан хугацаанд халдварын тархалтыг бууруулахын тулд иргэн бүр хариуцлагатай байх чухал"
-Халдварын нөхцөл байдал цаашид хэрхэх төлөвтэй байна вэ?
-Эрдэмтдийн баг болон ХӨСҮТ-өөс хийж буй тооцооллоор ямар нэгэн шинэ хувилбар орж ирэхгүй тохиолдолд ирэх оны гуравдугаар сар гэхэд буурна гэх үзүүлэлт гарсан. Гэхдээ хурдан хугацаанд халдварын тархалтыг бууруулахын тулд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг иргэд, байгууллагууд маш сайн дагаж мөрдөх хэрэгтэй байна.
Тэр тусмаа аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээний төрлөөс шалтгаалан тусгай нөхцөл шаардлагаа хангаж ажиллах хэрэгтэй.
-Хөдөө орон нутагт ч халдварын тархалт буурсан харагдана лээ?
-Орон нутагт батлагдаж буй тохиолдлууд буурч байна. Үүнээс үзэхэд хөдөө орон нутаг, нийслэл гэлтгүй жигд шугамаар халдварын тархалт буурч байгаа юм. Иргэд маань ч дасан зохицож амьдрах амьдралын хэв маяг суралцаж байна шүү дээ. Дотоод орчинд амны хаалтыг тогтмол хэрэглэж, халдвар хамгааллын дэглэмийг сахих хэвшилд суралцаж байна л гэж харж байна.
Гэхдээ тархалт буурсан гээд сэрэмж алдаж болохгүй. Харин ч илүү их хариуцлагатай байх цаг үе хэмээн харж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Энэ хэрээр халдварын тохиолдол буурч, өөрийн болоод өрөөлийг эрсдэлд өртөх магадлалыг бууруулна гэсэн үг юм.
Ярилцсанд баярлалаа.
Ц.Янжиндулам