Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хийж байна.
Тодруулбал, уг хуулийн төслүүдээр АН-ын бүлэг завсарлага авсан ч завсарлагын хугацаа дууссан тул ийнхүү хэлэлцэж эхлээд байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Эрүүл мэндийн санд тусдаа санхүүжилт хуваарилахгүйгээр эрүүл мэндийн сайдын багц руу шууд 1.3 их наяд төгрөг орж байгаа. Үүний 370 гаруй тэрбум төгрөг нь эрүүл мэндийн даатгалын санд хуваарилагдах маягаар явуулна гэж яриад байна. Гэхдээ энэ хуваарилалтыг дахиад л Эрүүл мэндийн сайд өөрөө хуваарилна.
Уг нь Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл хянах үүрэгтэй. Ямарч хяналтын систем алга. 2022 оны төсөвт нэмэлт хийгээд явуулдаг. Гэтэл 2023 онд дахиад л өр, алдагдал байвал яах вэ. Иргэндээ, эмчдээ очдоггүй байдал давтагдахгүй байх ёстой. Жишээлбэл, Эрүүл мэндийн даатгалын санд байдал амаргүй байна.
Хэд хэдэн арилжааны банкуудад сангийн мөнгө өр, авлагатай байршчихаад байна. Нийлээд 200 орчим тэрбум төгрөг байгаа. Үүнийг он дуусахаас өмнө буцаад барагдуулаад авлаа гэж бодоход 2022 оны төсвийн орлогод нэмэгдэл болж очих уу. Эсвэл алдагдал нөхөх эх үүсвэр болох уу. Ер нь он дуусахаас өмнө авч чадах уу. Аль банкаас хэдийг авах вэ" гэлээ.
Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга н.Санжаадорж "Эрүүл мэндийн даатгалын 2022 оны төсвийн тухай хуульд арилжааны банкуудад байгаа авлагыг авахаар тусгасан. Тухайлбал, нэр бүхий нэг банкнаас авлага авахаар оруулсан. Бусад эрсдэл бүхий банкинд байгаа мөнгийг шууд гүйлгээнд орох боломжтой байхаар тооцож, ашиглаад явна" гэлээ.