Хаан банкны 60 хувийг эзэмшигч Японы хөрөнгө оруулагч тал хувьцаагаа зарах болсон тухай мэдээлэл одоогоос жил гаруйн өмнө гарсан. Тэгвэл дээрх хувийг худалдан авахыг зорьж буй хэд хэдэн хүмүүсийн нэр өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар "цухалзаад" амжсан. Эдгээр нэрсийн дунд нэгэн эрхэмийн нэр тодоор дурдагдаж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга.
Тухайлбал өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Доржханд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс асуулт асуусан.
Тэрбээр "Нийгмийн сүлжээгээр Хаан банкны тодорхой хувьцааг Худалдаа хөгжлийн банкны эзэмшигч Д.Эрдэнэбилэг гэдэг хүн авч байна гэх мэдээлэл явж байна. Цаад талд нь Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн оролцоотой байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнд Монголбанк тодорхой хариу өгнө үү" хэмээсэн.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ᠌"Хаан банкыг 2003 онд хувьчилж байхад Японы хөрөнгө оруулагч 60 хувийг, Монголын хөрөнгө оруулагч 40 хувийг эзэмшиж байсан. Банкны тухай хуулиар нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нөгөө банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байж болохгүй. Өөрөөр хэлбэл нэг банкны 5-аас дээш хувийн хувьцаа эзэмшигч нөгөө банкны 5-аас дээш хувийн хувьцаа эзэмших боломжгүй" гэж хариулсан юм.
Өөрөөр хэлбэл, Монголбанкны зүгээс Т.Доржханд гишүүний асуултыг эрс үгүйсгэсэн юм. Гэтэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хаан банкны хувьцааг худалдаж авах гэж байгаа гэх мэдээлэл нь төдийлэн хийсвэр ойлголт бус. Тэрбээр Ерөнхийлөгчийн албыг хашиж байх үеэрээ ч Хаан банкны хувьцаа эзэмшигчдэд маш том "бэлэг" болохуйц шийдвэрийг гаргаж байв.
Сануулахад, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2019-2020 он солигдох мөчид ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг ҮАБЗ гаргасан талаар мэдэгдсэн. Тухайн үед тэтгэврийн зээл авсан 230 мянга орчим ахмадуудын 60 орчим хувь нь Хаан банкаар дамжуулан тэтгэврээ авдаг. Энэ тэтгврээ барьцаалж зээл авсан байлаа. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын энэхүү санаачилгыг "Нэг сумаар хоёр туулай буудаж байна" хэмээн тухайн үеийн улстөрийн хүрээнийхэн хэлж, ярьж байв. Тэтгэврийн зээлийг тэглэснээр нэгдүгээрт удахгүй болох /2021/ Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбогдуулан ахмадуудаас оноо авч байгаа бол нөгөө талаар Хаан банкнаас олгосон асар их хэмжээний чанаргүй зээлийг нэг дор төлснөөр тус банкны хувьцаа эзэмшигчдийг мөн баярлуулаад амжсан юм.
Хаан банкны 41.3 хувийг эзэмшигч Японы иргэн Хидео Савада Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хувьцаа худалдах асуудлаар уулзах саналыг хэд хэдэн удаа тавьсан нь саяхан биелэлээ олж, тохиролцоонд хүрсэн байж болзошгүй буюу тохироо хэдийн бүрдсэн байх магадлал өндөр талаар цахим орчинд "жиргэх" хүн цөөнгүй.
Хаан банкны хувьцааг худалдаж авах талаар экс Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дангаар яригдахгүй байгаа юм. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Хаан банкны хувьцааг худалдаж авах гэж буй хүний талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "хотын дарга" гэх үгийг унагасан даруйд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хариу тайлбар хийн, үгүйсгэсэн.
Гэтэл Хотын даргын төрсөн дүү Асашёорюү Д.Дагвадорж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарт илтэд хаягласан заналхийллийн гэмээр хэдэн хэдэн постыг жиргэсэн билээ. Их аваргын дээрх үйлдлийг гэмт хүний гэмбэлзэх үйлдэл болгон Ч.Хүрэлбаатар гишүүн байр сууриа илэрхийлсэн.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга Асашёорюү Д.Дагвадоржийг өөрийн бие төлөөлөгчөөр томилж байсан удаатай. Нэг үгээр нэр нь дурдагдаж буй хоёр эрхэм тун ойр харилцаатай нь бүгдэд ил. Аса аварга энд хэн бүхний анхаарлыг өөртөө хандуулж байх зуур Ерөнхийлөгч асан Х.Баттулга Японы талтай бүх тохироог хийж, дараа нь аваргад "бялуу хуваах" байх гэсэн хардлага ч мөн иргэдийн дунд үүсээд байгаа юм. Тун удахгүй хэрэг явдал үнэнийг хэлээд өгөх биз ээ.