Ноцтой зүйлийг энгийн үзэгдэл мэт харж, сонсож, хүлээн авч түүндээ хариу үйлдэл ч үзүүлдэггүй “дөжирчихсөн” нийгэмд бидний амьдралын ихэнх цаг хугацаа урсаж байна. Аль эсвэл нийгмээрээ нэг сэдэв рүү хошуурцгааж хэсэг хугацааны дараа хайхралгүй орхидог тогтсон ч гэхүү хэв маягтай. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бидний сонсдог ч хайхралгүй орхидог асуудлууд дундаас жолооч нарыг хариуцлагажуулах, хэрхэн “ухамсар” суулгах асуудалдаа цэг тавьж чадалгүй өнөөдрийг хүрсэн.
Ингэхдээ ноцтой осол зөрчлөөс урьдчилан сэргийлж, эмээдэг бус хэзээ хойно нь хүн бүр шийдэл дэвшүүлж, санаа уралдуулах нь бий. Тухайлбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд бүртгэгдсэн цагдаагийн алба хаагчийг мөргөсөн зам тээврийн осол болон согтууруулах ундаа хэрэглэснээс зорчиж явсан бага насны хоёр хүүхэд нь газар дээрээ амиа алдсан осол бүртгэгдэв. “Гар утсаа оролдож явсан байх”, “Жолооч нартаа чангахан хариуцлага хүлээлгэ”, “Дүрмээ мэдэхгүй юмнууд, бодвол шинэ жолооч л биз”, “Жолоо барихдаа архи уух ёстой юу” гэх мэт таамаг дэвшүүлж басхүү хариуцлага нэхсэн олон нийт бухимдлаа илэрхийлж харагдлаа. Гэвч бодит байдал дээр санамсар болгоомжгүй гэх нэрийдлээр асуудалд ханддаг, өөрийгөө зөвтгөдөг жолооч нарт хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлага байсаар байгааг сануулсан, сануулаагүй олон жишээ харуулна.
Товчхондоо, жолоо атгасан л бол танд алдах эрх байхгүй. Гэтэл удаа дараа зөрчил гаргачихаад жолоо барьсаар л байдаг, согтуудаа дийлддэг, ар өврийн хаалгаар утас цохиж цагдаагаас мултрах арга сүвэгчилдэг, эрдэнэт хүний амь “авчихаад” тэнсэн харгалзах ял оноочихдог манай улсад жолооч нар нь хуулиас эмээдэггүй болох нь. Ийм байхад зам тээврийн осол, зөрчил яаж буурах билээ.
Шинэ жолооч зам тээврийн осол гаргадаг гэдэг нь ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТ
“Шинэ жолооч л биз”, “Үнэмлэх яаж авсан юм бол доо” гэх мэтээр шинэ залуу жолооч нарыг адлах хандлага хаа сайгүй. Гэтэл энэ байдлыг хоёр янзаар харж болно. Нэг хэсэг нь тэднийг дүрмээ мэддэггүй, эсвэл замын хөдөлгөөнд оролцох дадал зуршил суугаагүй учраас аюултай гэж хардаг. Нөгөө талд, хүмүүс харин ч дөнгөж жолооч болсон хүн бүх дүрмээ мэдэж, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцдог гэж үздэг. Гэхдээ статистик тоо баримтаас харахад 1-5 жил машин барьж буй иргэд зам тээврийн нийт ослын 40%-ийг эзэлдэг байна. Үүнээс үзэхэд зам тээврийн осол гаргахад жолоо бариад ганцхан сар аль эсвэл 20,30 жил болсон ч хамаарахгүй.
Энэ талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “100 хувь хүний анхаарал болгоомжтой холбоотой асуудал. 20 жил тээврийн хэрэгсэл жолоодсон хүн ч зам тээврийн осол гаргадаг. Хөдөлгөөнд оролцоод явж байхдаа маш анхаарал болгоомжтой явах ёстой. Энэ оны эхний арван сарын байдлаар зам тээврийн хэрэг, ослын улмаас 40 хүүхдийн амь нас эрдсэн байна. Үүний 11 тохиолдол нь хашаан дотроо тоглож байгаа хүүхдийг эцэг, эх асран хамгаалагч нь хөдөлгөөн эхлэхдээ дайрч амь насыг нь хохироосон байдаг” гэлээ.
20 мянгын ИНЭЭДЭМ
Ноцтой зам тээврийн ослоос гадна замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь энүүхэнд боллоо. Хамгийн сүүлийн жишээ. Өнгөрөгч аравдугаар сарын 28-нд явган хүний замаар буцаж эргэсэн жолооч нарыг 20 мянган төгрөгөөр торгосон талаар ТЦА-наас мэдээлсэн. Энэ мэдээлэлд иргэд "20 мянга өгөөд зөрчил гаргаад байж болох юм уу" хэмээн хөнгөхөн маазраад авав.
Гэвч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх бүлгийн 10.13-д "Явган хүний гарц дээр буцаж эргэхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж буцаж эргэх үйлдлийг хийсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.28 буюу жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон газарт буцаж эргэх, эсхүл ухрах үйлдлийг хийсэн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан нь энэ.
Үнэтэй тэрэг "хөлөглөсөн" нөхдөд 20 мянгын зөрчил нь инээдэм мэт л санагдсан болов уу. Харин энэ мэт илт ёс зүйгүй үйлдэл гаргаж, бусдын зорчих эрхэнд халдсан жолооч нарт дорвитойхон хариуцлага хэрэгтэй мэт.
Үг авдаггүй, сануулга сонсдоггүй жолооч нарт хуулийн чанга хариуцлага хэрэгтэй
Өнгөрсөн удаа ТЦА-ны шөнийн хяналт шалгалтын үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл барих эрхгүй иргэн автомашин барьж хөдөлгөөнд оролцож буй зөрчилтэй таарч байв. Гэвч нэг шөнийн дотор 100 гаруй жолооч согтуудаа дийлдэж жолооны ард суусан байсан юм. Энэ тоо өнөөдөр ч биш өдөр бүр шахуу бүртгэгддэг. Өөрөөр хэлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нарт цагдаагийн алба хаагч байтугай үүсч болох ноцтой эрсдлүүдээс эмээх сэтгэлзүй огтоос алга. Торгуулах аль эсвэл эрхээ хасуулах биз гэх бодол төрж байна гэдэг нь хууль эрх зүйн орчин нь жолооч нарыг хэт давраасны шинж ч гэж харж болно.
Одоогийн зохицуулалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг нэг жилийн хугацаагаар эрхийг нь хасах, 400 нэгжээр торгох торгуулийн арга хэмжээ тооцдог. Эрхээ хасуулсан буюу эрхгүй үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн 7-30 хоног шүүхээр баривчлах арга хэмжээ тооцдог журамтай. Харин эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан бол 200 нэгжээр торгуулийн арга хэмжээ арга хэмжээ авдаг. Харин ноцтой зам тээврийн ослуудад хэргийн газрын үзлэг, мэргэжлийн албадын үзлэгээс шалтгаалан хүндрүүлэх нөхцөлтэй эсэхийг авч үздэг байна.
Зам тээврийн ослын улмаас хүний амь эрсдсэн гэмт хэргүүдийн тухайд 1-5 жилийн хорих ялтай байдаг. Эрүүгийн тухай хуульд зааснаар 1-5 жилийн хорих ял оногдуулсан хэргүүдэд хохирол төлбөрөө барагдуулж, гэмт хэргийн хохирол хор уршгийг арилгасан гэж үзвэл шүүгдэгч тэнсэн харгалзах ял авах боломжтой байдаг аж. Гэтэл хохирогчийн ар гэр энэ байдалд гомдолтой үлддэг.
Тэгвэл манай улсад зам тээврийн осол хийсэн жолоочид хүлээлгэх хариуцлага, түүний хууль эрх зүйн орчин, санкцыг чангатгах хэрэгтэй эсэхийг ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодруулахад “Бусад улс орнуудтай харьцуулахад манай орны торгуулийн шийтгэл, арга хэмжээ, хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин нь харьцангуй доогуур байдаг. Иймд тухайн жолоочийн хүлээлгэх хариуцлага, санкц дээр ХЗДХЯ-ны ажлын хэсэг гарч ажиллаж эхэлсэн” гэсэн юм.
Үг авдаггүй, сануулга сонсдоггүй жолооч нарт хууль төмөр нүүрээ зөв цагт гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ухамсаргүй жолооч нарт оногдуулах хуулийн хариуцлагыг чангатгах шаардлагатай байна.