Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сүүлийн гурван жилд 45 алба хаагч үүрэг гүйцэтгэх үедээ автомашинд мөргүүлсэн”

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
5 минут 27 секунд

No description available.Өнгөрөгч сарын 26-нд согтуу жолооч цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгдэж байв. Гэтэл саяхан буюу 11 дүгээр сарын 7-нд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол дахин гарлаа. Тиймээс зам тээврийн осол болон цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй байдлыг нь хангаж ажилладаг талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодрууллаа.

-Өнгөрөгч 7-ны өдөр замын цагдаагийн алба хаагчийг мөргөсөн осол гарсан. Ослын тухайд ерөнхий мэдээллийг өгөхгүй юу?

-2021 оны 11 дүгээр сарын 7 буюу Ням гарагийн 16 цагийн орчимд тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст цагдаагийн алба хаагчийг приус маркийн автомашин мөргөсөн гэх дуудлага мэдээлэл ирсэн. ТЦА-наас бүрэлдэхүүн гарч хэргийн газрын үзлэгийг хийж байгаа. Одоогийн байдлаар хэрэг бүртгэл нээн, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байна. Тухайн ослыг приус маркийн автомашины жолооч санаатай аль эсвэл санамсар болгоомжгүйн улмаас гаргасан эсэхийг шалгалтын ажиллагаагаар тогтооно.

Цагдаагийн алба хаагчийн хувьд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа ба нуруу нугасандаа бэртэл авсан. Одоогийн байдлаар гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байгаа.

-Цагдаагийн байгууллагаас алба хаагчдынхаа аюулгүй байдал тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Цагдаагийн байгууллагаас алба хаагч бүрийнхээ аюулгүй байдал тал дээр үе шаттай сургалтыг зохион байгуулдаг. Алба хаагчид аюулгүй байдлаа хангах, хөдөлгөөний хяналтыг тавих, хөдөлгөөн зохион байгуулах журмаараа сард 2-3 удаа сургалтыг зохион байгуулдаг. Хөдөлгөөнд оролцож буй иргэд маань замын хөдөлгөөний дүрэм зөрчих, ноцтой осол гаргах тохиолдол жил бүр бүртгэгдсээр л байна.

-Өнгөрсөн хугацаанд албан үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн осолд өртөж, бэртэж гэмтсэн цагдаагийн алба хаагчдын талаар мэдээллийг өгөхгүй юу?

-1970 оноос 2016 оны хооронд замын цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж уулзвар гарцан дээр автомашинд дайруулж, амь нас хохирсон 16 тохиолдол бүртгэгдсэн байдаг. Сүүлийн гурван жилийн байдлаар нийт 45 алба хаагч уулзвар дээр хөдөлгөөнд зохион байгуулалт хийж байх явцдаа автомашинд мөргүүлж гэмтсэн байна. Тухай бүрт нь хамаатах хууль тогтоомжийнхоо дагуу гэмтлийн зэргээс хамааран тухайн тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага тооцож, арга хэмжээ авсан байдаг. 2016 онд цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа автомашинд дайруулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан.

-Хөдөлгөөний ачаалал ихтэй үед замын цагдаагийн алба хаагчид ачаалал их ирдэг байх?

-Тэгэхээр хөдөлгөөн зохион байгуулж буй энэ үед нэг алба хаагчид 2000-3000 тээврийн хэрэгсэл ногдож байна гэсэн үг. Өдөр тутамдаа иргэдийнхээ аюулгүй түргэн шуурхай зорчуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагын алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа гэдгийг иргэд олон нийт ойлгох хэрэгтэй.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8.13-т зохицуулагчийн биет зохицуулалт хийнэ хэмээн заасан байдаг. Уулзвар хэсэгт биет зохицуулалт хийх гэж буй алба хаагчийг биет зохицуулалт хийж байх үед тухайн хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч зохицуулалтын дагуу хөдөлгөөнд оролцоно. Үүний дагуу цагдаагийн алба хаагч 3,4-р хорооллын Ахуй үйлчилгээний уулзвар дээр биет зохицуулалтыг хийж байсан. Биет зохицуулалтыг хийж приус маркийн автомашин хөдөлгөөн хийх үедээ алба хаагчийг мөргөсөн.

-Иргэд, жолооч нарт анхааруулга мэдээллийг хүргэвэл?

-Иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цаг үеийн хяналт шалгалтыг хийж байгаа. Шалгалтаар дийлэнх иргэд маань зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож байна. Мөн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэйгээр хөдөө орон нутгийг зорьж байна. Гэтэл нийт нутгийн баруун хэсгээр цасан болон шороон шуурга шуурч зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч байгаа. Иргэд энэ байдлыг мэдсээр байж орон нутаг руу бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явж байгаа юм.

Түүнчлэн нийт хөдөлгөөнд оролцож буй иргэдийн 70-80 орчим хувь нь автомашин жолоодож байх үедээ гар утсаа оролддог гэх судалгаа бий. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утас хэрэглэлгүй анхаарал болгоомжтй оролцох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж явах шаардлагатай байна.

Д.Сумъяабазар: Замын халтиргаанаас урьдчилан сэргийлэх тусгай бодис, давсны нөөц хангалттай бий
Д.Сумъяабазар: Замын халтиргаанаас урьдчилан сэргийлэх тусгай бодис, давсны нөөц хангалттай бий
 
Н.Номтойбаяр: Албан өрөөнд чагнах төхөөрөмж тавьсан байж болзошгүй ноцтой үйлдэл гарсан.  Энэ асуудлыг зүгээр орхихгүй
Н.Номтойбаяр: Албан өрөөнд чагнах төхөөрөмж тавьсан байж болзошгүй ноцтой үйлдэл гарсан.  Энэ асуудлыг зүгээр орхихгүй
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц