Хууль бусаар ан агнах гэмт хэрэг энэ оны эхний 10 сард 51 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 21 хэргээр буюу 10.6 хувиар буурсан үзүүлэлттэй, нийт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 29.2 хувийг эзэлж байна.
Тухайлбал, энэ оны 9 дүгээр сард иргэний өгсөн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад СБД-ийн 7 дугаар хорооны нутаг дэсвгэрт 2 иргэн Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл дотор Хүрэн баавгайн түүхий эд болох 4 ширхэг баавгайн савар, Халиун бугын цусан эвэр 2 ширхэг, чив, сүүл зэргийг тээвэрлэн авч явж байсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн Увс аймгийн Ховд сумын нутаг Бураатын халх гэх газраас энэ оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2 тооны янгир ямааг хууль бусаар агнасан гэх гомдол мэдээллийг хүлээн авч хэргийн газрын үзлэг хийж, хэргийн газраас эд мөрийн баримтаар галт зэвсгийн сумны хонгио 1 ширхэг, гутлын мөр, тээврийн хэрэгслийн мөр зэргийг бэхжүүлэн авч шалгалтын ажиллагаа явуулахад:
Увс аймгийн Өмнөговь сумын 2 иргэн бүлэглэн шунахайн сэдэлтэйгээр янгирын тэх 2 толгойг агнасан хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашиглласан CZ527M карбин загварын галт зэвсэг, галт зэвсгийн сум 4 ширхгийг хураан авч Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэн ажилласан.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ховор амьтны жагсаалтад багтсан янгирын тэх 2 толгойг агнасанд тус бүрийн экологи эдийн засгийн үнэлгээ 2,700,000 төгрөг буюу нийт 5,400,000 төгрөгний хохирол учруулсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.