Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Соёлын бүтээлч үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэнтэй танилцаж, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзсан. Уулзалтын үеэр Ерөнхий сайд нийт ард иргэдээ вакцины гуравдугаар тунд хамрагдахыг уриаллаа.
Тэрбээр "Монгол Улс вакцины нөөцтэй орнуудын нэг болсон. Хоёрдахь тунгийн үйлчлэл тодорхой хэмжээгээр багасаж байна. Тийм учраас гуравдахь тун туйлын чухал болохыг эрүүл мэндийн салбарынхан зөвлөж байгаа. Соёлын болон спортын салбарын үзэгчтэй үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэйгээр хоёр жилийн дараа нээж байна.
Цаашлаад одоо байгаа улбар шар түвшинг шар түвшинд хүргэхийн тулд бид хамтдаа хичээх ёстой. Нийт хүн амын 50-иас доошгүй хувь гуравдугаар тунд хамрагдсан байх хэрэгтэй байна. Бид нэг л эдийн засагтай. Аль болох хатуу хөл хориогүй, иргэд хүсэж байгаа зүйлээ хийж, хөдөлмөрлөх боломжийг бид хамтдаа бүрдүүлэх учиртай. Тиймээс энэхүү арга хэмжээнд миний бие биечлэн оролцож байна. Соёл, спортын салбарынхныгаа гуравдугаар тунд хамрагдахыг уриалж байна. Эрүүл мэндийн яамныхан эрвийх, дэрвийхээрээ ажиллаж байгаа. Мөн аялал жуулчлалын салбарынхантай яриад Монгол Улсыг зорьж ирсэн жуулчид вакцинд хамрагдах боломжтой. Засгийн газрын зүгээс хэдийгээр дэлхий даяар амаргүй нөхцөл байдалд байгаа хэдий ч бид сөрж, дасан зохицож, томоохон арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Үүнд нийт ард иргэд, ААН-үүдээ гуравдугаар тундаа хамрагдахыг дахин уриалж байна" гэв.