Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурал боллоо. Хурлаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн ирэх жил хийх зарим ажлуудыг танилцууллаа.
Тэрбээр "Улаанбаатар хот Замын сангийн 2.1 их наяд төгрөгийн хөрөнгөтэй. Замын сангийн Засвар арчлалтын тогтолцоог шинэчилснээр зам өөрөө эзэнтэй болж, шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Ингэснээр замын чанар байдлын индекс 70-85 хувьд хүрч, өндөрсөнө гэсэн тооцоо бий.
Мөн гол гудамж замыг 14 байршилд нэмэгдүүлнэ гэсэн төлөвлөгөө гарлаа.
Ингэхдээ,
- Яармагийн замыг ТЭЦ-4-ийн замтай холбож, цааш нь Энхтайваны өргө чөлөө рүү холбох босоо чиглэлийн зам,
- Ард Аюушийн зам буюу Толгойтын замыг 3, 4 дүгээр хорооллын эцсийн замтай холбож хойд чиглэлийн хэвтээ замд нийтийн чиглэлийг хөгжүүлэх боломжтой.
- Нарны замын 9 км уртасгаж хэвтээ коридорыг гурав болгох зэргээр хотын нийтийн тээврийг гурван чиглэлээр хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэсэн тооцоо гарч, замын зургийн ажил хийгдсэн. Ингээд дараа жилээс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон.
Түүнээс гадна нийслэлийн барилгажилт ихтэй бүсүүдэд холбоос замуудын орц гарцыг нээх ажилт хэрэгтэй байгаа. Ингэвэл тухайн бүсийн түгжрэлийг 15-20 хувь бууруулна. Туслах замуудыг 2022-2024 онд хийхээр зураг төслийг хийж дууссан тул ирэх жил ажлуудыг эхлэхээр мөн төлөвлөж байгаа" гэв.