Хүний эрхийн дэд хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
Мөн иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарын эрхийг зөрчсөн эсэх талаар хуулийнхнаас тодруулав.
ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Ц.Ням-Очир "Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх нэрийдлээр бүртгэлгүй жагсаал цуглаанд бусдыг уриалсан. Үзэл бодлоо илэрхийлэх нэрийдлээр бусдыг гутаан доромжилсон. Цагдаагийн байгууллагаас тавьсан шаардлагыг үл биелүүлсэн, биелүүлэхээс татгалзсан. Хаалттай буюу төрийн тусгай тусгай хамгаалалттай обьект руу хууль бусаар нэвтэрсэн зэрэг үйлдэлд нь буруутган, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн. Шүүхээс хорих шийдвэрийг гаргадаг. Цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд ажилласан" гэлээ.
ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ "Иргэн Д.Монголхүүг цагдан хорих 461 дүгээр ангид хүлээн авах үед хэсэг бүлэг хүмүүс хорихын үүдэнд нэвтэрсэн. Процесс ерөөсөө 2 минутын дотор үргэлжилсэн. Иргэн Д.Монголхүүг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг саатуулахаар шалган нэвтрүүлэх байранд цагдаагийн албан хаагчид хүргэж ирсэн. Ингэхдээ цагдаагийн байгууллагаас "Д.Монголхүүг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг хорих тогтоол байна. Тогтоолыг араас нэг мөрдөгч авч ирж байна. Биднийг араас иргэд дагаад байгаа учир танай шалган нэвтрүүлэх байранд тогтоол иртэл түр байж байя гэдэг санал тавьсан. Гэтэл 1.31 минутын дараа иргэн иргэн Д.Монголхүүгийн өмгөөлөгч болон Э.Одбаяр нарын хэсэг хүмүүс "Тогтоолгүйгээр хорих гэж байна. Мөрдөгчтэй нь уулзана" гэх асуудлыг тавьсан. Ингээд мөрдөгч нар тогтоолын талаар танилцуулж байхад иргэн Э.Одбаяр нь иргэн Д.Монголхүүг өргөөд аваад гарсан. Яг энэ үед цагдаагийн тогтоол авч ирж байсан албан хаагч нь шалган нэвтрүүлэх байр руу нэвтрээгүй байсан учир иргэн Д.Монголхүүг хорих ажиллагааг эхлүүлээгүй байсан. Ийм л процесс болсон. Хамгаалалтын бүсэд эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлтээ өгсөн байгаа" гэлээ.