Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Ч.Сайханбилэг эх орондоо ирж, Оюутолгойн төслийг өгөөжтэй болгоход сэтгэлээ чилээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 16 секунд

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ "Ажлын хэсгийг ахалж байгаа Х.Нямбаатар сайд нэг зүйлийг маш сайн ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Учир нь олон улсын ийм том Транснационал компанитай ил тод гэрээ хэлэлцээ хийж байх үед ямар нэг авилга авч өгөх тухай асуудал, эсхүл хууль бус ямар нэг асуудал гаргах боломж огт байдаггүй юм гэдгийг алхам тутамдаа ухаарсан байх. 2009 онд ч ийм байсан, 2015 онд ч ийм байсан, өнөөдөр 2021 онд ч бас ийм байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна" хэмээсэн байдаг.

Энэ асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. Уг асуудлыг та хэрхэн харав?

-Их л сандарсан хүний мэдэгдэл байна лээ. Харийн нутагт харийн компанийн PR хийж байгаа өөрийгөө өмөөрсөн хүний ядмагхан яриа гэж харсан. Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэг хөрөнгө оруулалтын гэрээ, Оюутолгойн төслийн үр өгөөж нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хэлэлцээрийн ширээний ард суугаад зургаан сар болж байна. Ахиж, урагшилж байгаа зүйл байна. Бүр ойлголцохгүй байгаа зүйл ч байна.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг найман жилийн өмнө бид их зөв зүйл эхлүүлсэн гэж хэлэх шиг болсон. Би харин ч эсрэг бодолтой байна. Дубайн гэрээ, далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө бол Оюутолгойн төслийн Монголын үр өгөөжийг эрс дордуулсан олон зүйл заалттай төлөвлөгөө байсан.

Тодруулбал, ил уурхайн зардал 1.1 тэрбум ам.доллараар хэтрээд байсныг хэн ч тоогоогүй. Яагаад тэр асуудлаар хөндлөнгийн шинжээч, аудит томилж, Арбитрт маргаан үүсгээгүй юм бэ гэдэг асуудлыг хэлмээр байна. Мөн хоёрдугаарт татвартай холбоотой өнөөдрийн маргааны эхлэлийг тэнд тавьсан. Татварын маргааныг хүлээн зөвшөөрсөн. Хамгийн аймшигтай нь, Оюутолгойн олборлолтоос зөвхөн алт, зэс дээр АМНАТ тавина. Бусад молибдени зэрэг маш ихээр дагалдаж байгаа эрдэс баялагт АМНАТ авахгүй гэж хүлээн зөвшөөрсөн. Мөн санхүүжилтийн баталгаа гэх нэр томъёо оруулж ирж, төслийн санхүүжилт бүрээс 1.9 хувийг авдаг алдаатай зүйлийг хүлээн зөвшөөрсөн.

Далд уурхай гэх өндөр өртөгтэй төслийг зээлийн санхүүжилтээр хийх боломжийг зөвшөөрсөн. Тодруулбал, Арван хувийн хүүтэй бараг ломбардны хүүгээр энэ том төслийг санхүүжүүлэх боломж олгосон. Тиймээс энэ болгоныг засч залруулах гээд, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх гээд чармайгаад ажиллаж байна. Иргэн Ч.Сайханбилэгт хэлэхэд, харийн оронд харийн компанийн маркетинг хийж суухаар эх орон, элгэн садандаа ирж энэ төслийг Монголчууддаа үр өгөөжтэй болгох тал дээр илүү их сэтгэлээ чилээгээсэй гэж хүсэж байна.

-Тэрбээр мэдэгдэлдээ "Гэрээ хэлэлцээр хийхэд авлига авах ямар ч боломжгүйг Х.Нямбаатар ухаарсан байх" хэмээсэн байна лээ?

-Надад анхааруулж сануулаад байх шиг байна. Энэ бол зөв зүйтэй үг хэлж байна гэж бодсон. Оюутолгойн гэрээг сайжруулахад ямарваа нэгэн байдлаар гадны компанийн нөлөөнд автах, тэдний тулгалт шахалтад орохгүй байх бүх тал дээр анхаарч хичээж ажиллаж байгаа. Эцсийн дүндээ энэ төслийн үр өгөөжийг иргэд, олон түмэндээ хүртээх юм.

Вакцины бүрэн тунтай байхдаа халдвар аваад эдгэрсэн иргэдийг III тунд хамруулна
Вакцины бүрэн тунтай байхдаа халдвар аваад эдгэрсэн иргэдийг III тунд хамруулна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.