Коронавирусийн тахалтай тэмцэх ажлын хүрээнд Австрали улсын засгийн газар оршуулга болон хуримын ёслолд оролцох хүний дээд тоог тогтоожээ. Олон хүн нэг дор цугларах нь вирус тархах гол зам болж байгаа юм. Тиймээс оршуулгын ёслолд оролцох хүний тооны дээд хязгаарыг 10, хуримын ёслолд оролцогчдын тооны дээд хязгаарыг 5 байхаар тогтоожээ.
Өчигдөр ерөнхий сайд Скотт Моррисоны засгийн газар тахлын дэгдэлттэй тэмцэх хэд хэдэн арга хэмжээг зарласны нэг нь дээрх шийдвэр байсан юм.
Шинэ журам Лхагва гарагийн шөнө дундаас эхлэн хэрэгжихээр болжээ.
Өчигдөр Австрали улсад 24 цагийн дотор 427 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, найман хүн нас барсан юм. Нэгдсэн дүнгээр 2,136 хүн шинэ коронавирусийн халдвартай нь оношлогдоод байна.