Сонгуулийн хуулийн дагуу 2020 оны гуравдугаар сарын 25-ны дотор улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, СЕХ болон Үндэсний аудитын газарт хүргүүлэх үүрэгтэй. Энэ дагуу улс төрийн намууд сонгуульд оролцохоо мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Харин хуулийн хугацаандаа хичнээн нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгсөн талаар Үндэсний аудитын газраас мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис: УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.5-д заасны дагуу сонгуульд оролцох нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт үндэсний аудитын газраас дүгнэлт гаргах үүрэгтэй.
2020 оны гуравдугаар сарын 1-ны байдлаар Монгол улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байдаг. Үүнээс сонгуульд оролцохоо илэрхийлсэн 27 нам байна. Эдгээрээс 12 нам дөрвөн эвсэл болж, 15 нам бие дааж оролцоно. Ингээд 15 нам, 4 эвслийн нийт 19 мөрийн хөтөлбөр ирсэн.
Өчигдөр хамгийн сүүлийн нам 23 цаг 50 минутад мөрийн хөтөлбөрөө өгсөн.
Аудитын газраас дүгнэлт гаргахдаа дараах зүйлсийг харгалзан үзнэ:
- Улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь УИХ-ын сонгуулийн тухай хууль болон мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон заалт байгаа эсэхийг хянах;
- Мөрийн хөтөлбөрт орсон зорилт. арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасанчлан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх;
- Мөрийн хөтөлбөрт орсон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэхийг тус тус хянаж дүгнэлт гаргадаг.