Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Э.Батшугар "Эхний хагас жилийн байдлаар төрийн өмчит компаниудаас ойролцоогоор 1.3 тэрбум ам.долларыг Төв банк худалдаж авсан юм байна. Мөн 500 сая ам.долларын алт худалдаж авсан юм байна. Энэ нь 5 их наяд орчим төгрөг юм. Мөнгөний өсөлт эхний долоон сарын байдлаар 26.5 хувьтай буюу 27 их наяд юм байна. 5 их наяд мөнгөний өсөлтийн хэдэн хувийг эзэлж байгаа вэ.
Төлбөрийн тэнцэл 2020 онд 1.2 тэрбум ам.долларын ашигтай байсан байна. 2021 оны төсөөллөөр ойролцоогоор 500 сая ам.долларын ашигтай гарна гэж төсөөлжээ. Манай ханш яагаад өөрчлөгдөхгүй байна вэ. Үнийн өсөлтдөө бид их анхаарах ёстой. 6 дээр нэмэх, хасах 2 бол зорилт. Гэхдээ олон улсад шатахууны үнэ нэг хувиар өсөхөд өргөн хэрэглээний барааны инфляцид 0.15 хувиар ирдэг юм байна. Сүүлийн 6 сарын дотор шатахууны үнэ 40 хувиар өссөн. Ингэснээрээ зээлийн хүү өснө" гэв.
Монголбанкны нөөцийн удирдлага, санхүүгийн зохицуулах газрын захирал А.Энхжин "Монголбанк энэ оны эхнээс өнөөдрийг хүртэл 17 тонн үнэт металл худалдаж авсан. Үнэт металлын дүнд 2.3 их наяд төгрөгийг алт олборлогч компаниудад өгсөн. Валютын хувьд Монголбанк томоохон валютын орлоготой төрийн өмчит ААН-үүд болон "Оюутолгой" ХХК-иас худалдаж авдаг. Валютад Монголбанкны оролцооны хувьд цэвэр дүнгээр 600 сая ам.доллар зарсан гэдэг нь энэ хэмжээний төгрөгийг зах зээлээс татсан гэсэн үг. Алтны худалдан авалт мөнгөний нийлүүлэлтэд ямар нэгэн нөлөө байхгүй" гэв.