УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "С.Чинзориг гишүүн их сэргэлэн юм. Хавар шүүхийн шийдвэрийн байгууллагын орон нутагт ажиллаж байгаа албан хаагчдын урамшууллыг санаачилж дэмжүүлсэн. Одоо сумдад ажиллаж байгаа онцгой байдлын алба хаагчдын урамшууллыг санаачилж байна. Цалин урамшуулалтай холбоотой асуудал зарчмын хувьд Засгийн газраасаа орж ирвэл зүгээр байгаа юм. Онцгой байдлынхан ч мөн энэ асуудалдаа анхаарах хэрэгтэй. Энэ асуудлыг яагаад гишүүдээр санаачлуулж оруулж ирж байгаа юм бэ.
Төсвөөс гадуур зардал нэмэх хууль санаачилж, хэлэлцэж болохгүй гэсэн зарчим бий. Хэдэн төгрөгний асуудал байгаа юм бэ. Засгийн газраас орж ирэхгүй болохоор зарим гишүүд цагдаа, цэргийн байгууллагуудаас оноо авдаг улс төр болоод байна. Би цар тахлын үед ажиллаж байгаа алба хаагчдын асуудлыг уг нь дэмжмээр байдаг. Гэтэл төсвийн жилээс гадуур урамшуулж болохгүй гэдэг зарчмаа барихаар эсрэг санал өгчих гээд байдаг. Эсрэг санал өгөхөөр зарим нөхдүүд алба хаагчдад хайргүй, зарим нь хайртай болчих гээд улс төр хийгээд байх юм" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Засгийн газраас яагаад орж ирээгүйг нь би мэдэхгүй байна. УИХ-ын гишүүд хуулинд заасан эрхийн дагуу санаачилсан. Хуулийн төсөл орж ирэхдээ 2022 оноос хэрэгжүүлэх байсан ч 2022 оны улсын төсөв өргөн баригдаад хэлэлцэгдэж байгаа учраас боломжгүй. 2023 оноос хэрэгжинэ" гэв.