Өнөөдөр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл Японы Диамонд Принцесс хөлөг дээр сайтар ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн ч 17 хоногийн дараа шинжилгээ хийхэд тус хөлгийн гадаргуугаас шинэ төрлийн коронавирус илэрсэн талаар мэдээлэл өглөө. Тиймээс ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн ч сонор сэрэмжтэй байж, гараа сайтар угаан, амны хаалтаа зүүхийг тэрээр сануулсан юм.
Японы Диамонд Принцесс хөлөг онгоц нь Ковид-19 вирусийн дэгдэлтийн эхэн үед халдвар тархалтын тоогоороо Хятад улсын араас эрэмбэлэгдэж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн сард тус хөлгийг Японы Ёкохома боомтод хөл хорионд оруулан, хожим зорчигчдыг буулгасан юм. Үүний дараа сайтар ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулалттайгаар хийсэн ч, ийнхүү 17 хоногийн дараа ч тус хөлөг дээрээс шинэ төрлийн коронавирус илэрсэн байна.