Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын дарга хурандаа Ц.Нямбаяр, ЦЕГ-ын дэд хурандаа О.Чингисболд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт ажиллалаа.
Энэ сарын 11-ний өдрийн УОК-ын шийдвэрийн дагуу эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор нэвтрүүлж байгаа. Тиймээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт ачаалал ихтэй ажиллаж байна. Зөвхөн 03 сарын 19, 20-ны өдөр л гэхэд 250 орчим иргэн нэвтэрчээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тэдгээр иргэдийн эрүүл мэндийн байдалд тандалт хийн, биеийн халуун болон эрүүл мэндийн хяналтын хуудсаар асуумж авч эрэмблэн Дархан-Уул, Орхон аймаг руу шилжүүлэн тусгаарлажээ.
ОХУ-д манай улсын 2500 орчим оюутан суралцдаг. Мөн 03-р сарын 22-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар тусгаарлах байрны хүртээмжтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Цагаануурын боомтоор 03-р сарын 23-ны 20 цагаас хойш, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор энэ сарын 28-ны өдрийн 06 цагаас хойш иргэдийг хил нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор цаашид Алтанбулаг боомтоор нэвтрэх иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
Монгол улс, ОХУ харилцан тохиролцож хилээр нэвтрэх иргэдийг тээврийн хэрэгслээр бус явганаар хилийн зурвасыг нэвтрүүлж байгаа. Сэлэнгэ аймагт найман тусгаарлалтын байр байгаа ба эхний ээлжийн 81 хүн тусгаарлалтын байраас гарч, одоогоор 196 хүн тусгаарлалтад байна. Өдөр бүр хилээр нэвтэрч байгаа иргэдийг нэг байранд хольж байрлуулах боломжгүй учраас шинээр ирсэн иргэдийг Дархан-Уул, Орхон аймагт шилжүүлэх буюу тараан байрлуулах ажлыг зохион байгуулж ажиллав.
Харин Дархан-Уул аймагт 5 тусгаарлах байр ажиллаж байгаа ба их сургуулийн дотуур байр болон хүүхдийн тасгийг тусгаарлалтын байр болгон ашиглах боломж байгаа тухай тус аймгийн засаг дарга Насанбат ярив. Орхон аймагт Алтанбулаг боомтоос шилжүүлсэн 44, тусгаарлалтын хугацаа дуусаагүй 5, нийт 49 иргэн тусгаарлалтад байгаа юм.
Түүнчлэн оюутан залуус ихээр ирж буй учир тусгаарлах байрны дэглэм алдагдахаас сэргийлэх, сахилга батыг чанд сахиж ажиллахыг анхааруулав. Мөн энэ цаг үед үүрэг гүйцэтгэж буй хүн нэг бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарч ажиллахыг захин “Бид нэг хүн шиг нэгдэн ажиллаж байж энэ цаг үеийг даван гарна” гээд амжилт хүсэж, урам өглөө.