Дэлхий даяар COVID-19 өвчний халдварын тархалт хурдацтай нэмэгдэж буйн улмаас улс орнууд хилээр зорчих хязгаарлалт хийх, хөл хориотой холбоотой тодорхойгүй байдал үүсэх зэрэг хандлагатай холбогдуулж Бүгд Найрамдах Ирланд Улсын Цагаачлал, харьяатын албанаас 3 дугаар сарын 20-ноос 5 дугаар сарын 20-ний өдрийн хооронд визийн хугацаа нь дуусаж буй хүчин төгөлдөр визтэй гадаадын иргэдийн виз шууд (automatically) 2 сарын хугацаагаар сунгагдана гэж мэдээлэв. Харин 3 дугаар сарын 20-ноос өмнө визийн хугацаа нь дууссан бөгөөд Монгол Улсад олон улсын бүх нислэгийг зогсоосны улмаас Ирланд Улсаас хугацаандаа гарах боломжгүй байсан иргэдийн асуудлыг тус улсын Цагаачлал, харьяатын алба хэвийн горимд үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон үед судалж, шийдвэрлэхээр болсоныг мэдээлье. Хэрэв Танд уг асуудлын хүрээнд тодруулга, нэмэлт мэдээлэл авах шаардлагатай бол ЭСЯ-ны +44 (0) 7874 916606 шуурхай дугаарт холбогдоно уу.
Монгол Улсын Элчин Сайдын Яам