Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилох яриа МАН дотор яригджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 6 секунд

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан өдгөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхийн албан тушаалыг хашиж буй. Харин түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдоно гэх мэдээлэл өнөөдөр цацагдаад байна. Тэгвэл уг мэдээлэл нь ор тас худал мэдээлэл биш бөгөөд МАН-ын удирдлагууд түүнд Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллах санал тавьж, ковидын хүнд нөхцөл байдлыг давах талаар ярилцсан гэж эх сурвалж мэдээллээ.

Халдварын нөхцөл хүнд хэцүү үед Эрүүл мэндийн яамны удирдлагууд "зангидсан гар шиг" нэгэн зүгт харж ажиллах ёстой. Гэвч гурван тийшээ харж суучихаад ойлголцож чадахгүй байгаа нь Ардын намын "шүдний өвчин" болсон нь үнэн. Энэ тухай ч Шадар сайд С.Амарсайхан "Эрүүл мэндийн яам гэж байгаа бол бүх байгууллагаа удирддаг, чиглүүлдэг, үйл ажиллагааг нь хянадаг, тогтолцоог нь сайжруулах байдал рүү л явуулахгүй бол өнөөдрийн байдлаар гурван толгойтой могой шиг л яваа” хэмээн шүүмжилж байсан юм.

Тиймээс халдварыг дарж авч чадахгүй байгаа хэмээн шүүмжлүүлж буй Ардын намынхан ажлаа урагшлуулахын тулд ийнхүү ЭМЯ-ны дэд сайд М.Баттүвшинг чөлөөлж, Т.Мөнхсайханд ийнхүү санал тавиад байгаа аж. Эрүүл мэндийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар хоорондоо таарч тохирохгүй, бие биенийхээ гаргасан шийдвэрийг үгүйсгэж ажиллахад хүнд байгаа талаар салбарынхан нь сэм "шивнэлдээд" удлаа. Уг үл ойлголцлын "шуурга"-д ХӨСҮТ-ийн дарга асан Л.Баттөр өртөж, улмаар сайдтайгаа гар нийлж ажиллаж чадахгүй учраас ажлаа өгсөн талаар эх сурвалжууд мэдээллээ.

Гэхдээ Ардын намын хүслийг Т.Мөнхсайханаас гадна Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хүлээн зөвшөөрөх эсэх нь чухал. Учир нь С.Энхболд нь сайдын хувьд өөрийн багийг бүрдүүлж, яамны бодлого шийдвэрийг дагаж мөрдөх, сайдтайгаа уялдаа холбоотой ажиллах, "атгасан гар шиг" нэг баг бүрдүүлэх нь чухал. Тиймээс өмнөх дэд сайдтайгаа ойлгохгүй "Гурван толгойтой могой шиг" ажиллахгүйн тулд тэрбээр шинээр томилогдох дэд сайдын томилгоонд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ эцсийн бүлэгтээ "Намаас томил" гэсэн шийдвэр гарсан л бол томилогдож л таарна.

С.Энхболд, Т.Мөнхсайхан нарын хувьд найзууд гэх мэдээлэл байдаг. Тодруулбал, Т.Мөнхсайханыг сайдын суудлаа өөрийн найздаа үлдээгээд явсан гэх мэдээлэл цацагдаж байсан билээ.

Г.Лхагвадорж

Хилийн мэргэжлийн хяналтын албыг гаалийн байгууллагатай нэгтгэхээр төлөвлөжээ
Хилийн мэргэжлийн хяналтын албыг гаалийн байгууллагатай нэгтгэхээр төлөвлөжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.