Он гарсаар Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн зургаан суманд зургаан удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймэрт 22 га ой, 14810 га хээрийн талбай шатжээ.
Тухайлбал, энэ сарын 16-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Ширээ нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Номгон багийн Засаг даргын Тамгын газрын алба хаагчид ажиллаж, унтраасан.
Энэ сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын Хулсан шанд багийн “Бууралын-Айраг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд бүрэн унтраасан.
Энэ сарын 22-ны өдөр Булганаймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Даамайн гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд бүрэн унтраасан.
Энэ сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн “Тэмээн хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 157 км, сумын төвөөс урд зүгт 35 км/ хээрийн түймэр гарсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон Хөлөнбуйр, Булган сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, алба хаагчид бүрэн унтраасан.
Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.