Суулт зарласан нүүрс тээврийн жолооч нар “Бидний нуруун дээр Монгол Улсын эдийн засаг тогтож байгаа шүү” гэж агсрах аж. Тэр ч үнэн. Манай нүүрсний бүгд найрамдах улс жилдээ хэдэн сая тн нүүрс экспортлох нь энэ хэдэн жолооч нараас шууд хамааралтай. Тэд эдийн засгийг хөдөлгөж яваа гэдэгтэй маргахгүй. Гэвч хөдөлгөж яваа нэрийн дор хөлдөөлт явагдаад байгааг бид том зургаар харах цаг бас болжээ.
Цар тахлын улмаас БНХАУ манайхаас авах бараа таавар дээрээ хатуу шаардлага тавьж, зарим үед экспортыг хумьж зогсоох болсон. Өөрийн газар нутагт орж байгаа ачаа бараанд ямар шаардлага тавих нь тэдний эрхийн асуудал. Гэтэл нөгөө талдаа БНХАУ-ын нүүрсний эрэлт огцом өсч үнэ тэнгэрт хадлаа. Судлаачид үүнийг суперцикл гэдэг. Гол зах зээлд эрэлт огцом өсч байхад бид нүүрсээ гаргаж чадахгүй ухантаж суугаа буруугаа Хятадаас биш өөрсдөөсөө л хайх хэрэгтэй.
Ийм үеийг ашиглаж чадахгүй алдаж байгаа нь дэндүү харамсалтай. Төмөр замыг арван жил янаглан хорлосон Х.Баттулгын ач гавьяа. Жилдээ 30 сая тонн нэвтрүүлэх чадвартай манай төмөр замаар шөнө өдөргүй нүүрс зөөлөө гээд 10 сая тонныг гаргах боломжтой. Ямар нарийн ногооноос авахуулаад барилгын материалаа хүртэл төмөр замаар зөөж байгаа бусад бараагаа болиод ганцхан нүүрс зөөлтэй биш. Тийм учраас л бидэнд тусдаа нүүрс тээврийн төмөр зам агаар ус мэт хэрэгтэй. Тавантолгойн төмөр зам ашиглалтад орсон бол экспорт хамгийн багадаа гурав дахин нэмэгдэж, өмхий шороо татуулан машинаар зөөж байгаатайгаа нийлээд багадаа 50 сая тонн нүүрс гаргах чадвартай болох байлаа. 2013 онд төмөр зам ашиглалтад орсон бол Монголын эдийн засаг 5 дахин томорч 50 биш 250 их наядын ДНБ-ны тухай, 18 их наяд биш 90 их наядын төсвийн тухай, 400.0 мянгын тэтгэврийн тухай биш 2 сая төгрөгийн тэтгэврийн тухай яриад сууж байж болох байсан. Алдагдсан боломж, төмөр замын хорлон сүйтгэлийн тухай их юм бичиж болно. Гэхдээ энэ сэдвийг түр орхиж жолооч нартаа анхаарлаа хандуулъя.
Хүсвэл хясна гэгчээр үнийн өсөлт, эрэлтийн хажуугаар цар тахал гэж гайхал манай нүүрсний салбарыг шунал, фаникт зэрэг унагалаа. Хятадууд аль болох хүний нэвтрүүлэлт хийлгэхгүй шаардлага тавьснаар төмөр замаар нүүрс гаргах гэж улайрсан уралдаанд манай тээвэрчид өөрийн эрхгүй хөтлөгдөх нь тэр. Ингээд Чойрын өртөөнөөс БНХАУ-руу нүүрс ачуулах шинэ терминал үүсч тэнд өдгөө 12 талбай дээр 700.0 мянган тонн нүүрс гарч чадалгүй дүүрчихээд байна. Гашуунсухайтад мөн л машинаар гаргаж чадахгүй 10 сая тонн нүүрс овоолоостой. Овоолсон нүүрсээ гаргаж чадахгүй байхад уурхайгаас талбай руу нэмж нүүрс зөөх ямар ч боломжгүй.
Мөн Цанхиас Чойр хүртэл жинхэнэ экологийн гамшиг нүүрлэх нь тэр. 400 км газарт хорь, гучин салаа шороон зам татуулж хүн байтугай адгуус ч тогтох аргагүй болтол сүйтгэжээ. Задгай овоолсон нүүрсний талбай дээр салхилах бүрт тоосонцор босч Чойр тортогтоо булагдаж байна. Нүд хальтрам ийм дүр зурагтай байхад тээврийг хэсэг хугацаанд зогсоож байгаль орчны нөлөөллийг хийх, тэндхийн хүмүүсийн аюулгүй байдлыг бодох нь зайлшгүй асуудал. Нэгэнт нүүрс хангалттай овоолсон учраас эхлээд эднийг гаргаж талбайгаа суллая, тэр хүртэл тээврийг түр зогсооё ердөө л ийм арга хэмжээ авчээ. Гэтэл тэр бидний асуудал биш нүүрсээ зөөмөөр байна гэсэн хэдхэн хүний муйхарлал төв талбайд тэмцэл хийхэд хүргэлээ.
Нүүрс бол өөрөө маш их савалгаатай түүхий эд. Ерөнхийдөө тээвэр нь олборлолтоос чухал гэхэд болно. Нүүрсний үнэ 100 доллар давж халуурахад тээврийн үнэ өсдөг, хэдэн талбай дамжуулж, машин төмөр зам холиод ч болтугай гаргахад ашигтай байдаг. Гэтэл нэг өдөр 30 доллар болтлоо унах үе бий.
Түүх сөхөж хэдэн жишээ дурдъя. С.Батболдын Засгийн газрын үед Чалкотой 76 доллараар үнэ тогтворжуулсан гэрээ байгуулаад явж байтал Н.Алтанхуяг гарч ирээд гэрээг өөрчилмөөр байна гэж зүтгэсээр захын үнээр нүүрсээ нийлүүлэхээр тохирсон. Тухайн үед коксжих нүүрс 110 доллар хүрээд байсан үе л дээ. Гэтэл ердөө нэг жилийн дараа нүүрсний үнэ 28 ам доллар болтлоо унаж Монголчууд амаараа шороо үмхсэн. Нүүрсний үнэ ингэж навсайж унамагц хамгийн бага өртгөөр тээвэрлэгдэж байгаа нь л зах зээл дээр зарагдаж чаддаг. Тухайлбал, далайгаар ирэх Австралийн, Төмөр замаар ирэх ОХУ-ын нүүрс гэх мэт. Машинаар хэд хэдэн талбай дамжуулж тээвэрлэдэг манай нүүрс өрсөлдөх чадваргүй болж байгаа юм. Авлига нь хоёр сая дөхөөд байгаа С бичиг 2015 онд ямар ч хэрэггүй цаас болоод яамны агуулахад хаягдаж байсан түүх бий.
2017 оноос байдал арай дээрдэж нүүрсний үнэ 55 доллар хүрч Монголчууд 30 сая тонн нүүрс гаргаж рекорд тогтоов. Гэтэл 2018 онд Хятад нүүрсний илүүдэлтэй болсноор авах хэмжээгээ багасгасан. Яг энэ үед БНХАУ-руу нүүрсээ оруулж буулгадаг буюу уртын урт тээвэрт явж байсан жолооч нар хүнд цохилтод орж 150 км түгжрээ үүссэн нь ч бий. Ингээд Засгийн газраас уртын тээврийг цуцалж урт, богино гэсэн хоёр маршрутаар тээвэр хийж байхаар зохицуулсан. Урт гэдэг нь уурхайгаас хил дээр буулгадаг, богино гэдэг нь хилээс ачаад Хятадад оруулж буулгадаг гэж ойлгоход болно.
Энгийн жишээ бодъё. Та нэг уурхайтай. Нүүрсээ Хятад руу гаргаж зармаар байдаг. Таны найз Балдан 100 машинтай. Таны нүүрсийг 50 машинаар хил хүртэл, үлдсэн 50-аар хил давуулж зөөж өгье гэжээ. Түүний саналаар бол та жилдээ 1200 машин нүүрс гаргана. Гэтэл та Хятадад 1200 биш 10000 машин нүүрс зармаар байдаг. Ингэхийн тулд Хятадууд өөрсдөө машинаа гаргаад таны уурхай дээрээс шууд өөрсдөө ачъя гэдэг санал тавьжээ. Гэтэл Балдан найзын чинь бизнесийг тэр чигээр үгүй хийх учраас тэр маш их эсэргүүцэв. Балдан 100 жолоочоо дагуулаад уурхайг чинь хааж жагслаа. Өмхий хужаа нараар нүүрсээ зөөлгөөд Монгол цусны жолооч нарыг устгах хорон бодлого явуулж байна гэж сум, аймгийн дарга нарт таныг матлаа. Хужаа гэдэг үгийг сонсоод айж балмагдсан дарга нар таныг зөвхөн Балдангаар л нүүрсээ зөөлгө тэгэхдээ хил дээр нэг буулгаад, хилээсээ ачиж цаашаа нэг гаргах хоёр дамжлагаар зөө гэж үүрэг өгч байна. Та зөвшөөрөх үү?
Яг л ийм үзэгдэл Монголын нүүрсний салбарт болж бид экспортын хувьд энэ хэдэн жолооч нараасаа бүрэн хараат болчихоод байгаа билээ. 170 аж ахуй нэгжийн 13 мянга орчим жолооч нарын эрх ашгийн төлөө бид 40 сая тонн нүүрс гаргах боломжтой байтал тэдний таалалд нийцүүлж 12 сая тонныг гаргаад л сууж байна. Голдуу Их Хурлын гишүүдийн атгасан энэ тээврийн бизнесийг нь явуулж байхын тулд улсаараа 3 саяуулаа хохироод сууж байдаг.
Хятадууд анх уртын урт тээврээр Хятад, Монгол тэнцүү тооны жолоочоор тээвэр хийлгэе гэдэг саналыг 2009 онд тавьж байлаа. Гэтэл газар нутагтаа шаахай мөр гаргахгүй гэсэн манай Балдан нарын эх оронч шаардлагаар энэ төлөвлөгөө унасан. Зи нэрээрээ алдаршсан нэгэн депутат эр “нүүрсийг экскагаар биш хүрзээр ух, төмөр замаар биш машинаар гарга, машин машиндаа олон ачиж буулгах тусам олон ажлын байр бий болно” гэсэн алдарт онолоо хэлж манай нүүрсний тээврийн салбарт ямар их шуналын дон шүглэж болохыг нотолсноор шинэ цагийн олигархуудын ашигтай бизнес болгож өгсөн. Ингэж улсын эдийн засаг, нүүрсний экспорт хоёрт жолооч нарын эрх ашиг нэгдүгээрт тавигддаг тогтолцоо бүрдсэн билээ.
2030 он гэхэд БНХАУ-ын нүүрсний экспорт үлэмж багасах нь тодорхой болсон. Олдож байгаа энэ богино хугацаанд бид хүний өөрийн хамаагүй, машин, төмөр зам роботоор нь ч болтугай нүүрсээ аль болох өртөг багатай тээвэрлэх хэрэгтэй. Ерөнхий сайд аа одоо зоригтой алхам хий. 2022 онд багтаж төмөр зам чинь ашиглалтад орох нь эргэлзээтэй байна. Тэр болтол 170 аж ахуй нэгж, 14 мянган жолоочоо бодоод улсаараа хохироод л суугаад байх уу? Уртын урт тээврээ нээвэл яасан юм бэ.