Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэлтийг эхлүүллээ.
Тус шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Автотээвэр эрхлэгч компаниуд хамтран хэрэгжүүлж байна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор нүүрс экспортлох ажил хоёр сар зогсоод байсан юм.
Тус боомтоор нүүрс тээвэрлэлтийг дахин эхлүүлж буйтай холбоотойгоор нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, мөн жолооч нар халдвар хамгааллын хувцас хэрэгсэлтэй, тусгай журмын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэх юм. Түүнчлэн эдийн засагт хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй чингэлгээр нүүрсийг тээвэрлэх бөгөөд одоогоор шаардлага хангасан компаниудын автомашин тээвэрлэлтэд явж эхлээд байна.
Эх сурвалж: ЗТХЯ
У.БИЛГҮҮН