Түлхүүр мэдээлэл:
- МакДональдс түргэн хоолны сүлжээ ресторан нь Их Британи, Ирланд дахь салбаруудаа өнөөдөр оройн 19 цагаас эхлэн хаана.
- Компанийн зүгээс коронавирусийн тархалтаас сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргахаас аргагүйд хүрсэн гэжээ.
- Харин Хятад улс дахь МакДональдсийн салбаруудын 95% нь хаалгаа дахин нээсэн байна.
Өчигдөр МакДональдс корпораци коронавирусийн дэгдэлтээс үүдэн Их Британи, Ирланд дахь бүх салбаруудаа өнөөдрөөс буюу даваа гаригийн оройноос эхлэн түр хаах болсноо зарлажээ. Тэд энэ талаар твиттер хуудастаа мэдэгдсэн бөгөөд
"Бид гуравдугаар сарын 23-ны Даваа гарагийн 19.00 цагаас эхлэн Их Британи болон Ирланд дахь бүх ресторануудаа түр хаах хүндхэн шийдвэрийг гаргалаа. Учир нь дэлхийн хамгийн олон оронд тархаж буй коронавирусийн халдварыг зогсоох зорилгоор ийнхүү үйлчилгээгээ хязгаарлахаас өөр аргагүй байдалд хүрээд байна." гэжээ.
Харин халдварын анхны голомт болох Хятад улсад нөхцөл байдал сайжирсантай холбогдуулан тус улс дахь МакДональдсийн салбаруудын 95% нь үйл ажиллагаагаа дахин сэргээсэн байна.
Эх сурвалж: Reuters
Х.Үүрийнтуяа